А.Ариунзаяа: Тусгай олимпын наадамд оролцох хүүхдүүдээ дэмжиж ажиллана

2021-11-22
1 min read

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын тусгай олимпын Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Спорт хариуцсан захирал Э.Уянга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 12-р сарын 3 буюу Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Мөн Тусгай олимпод оролцох хүүхдүүдээ дэмжихэд хамтарч ажиллах талаар санал солилцов.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тусгай олимпын Өвлийн наадам 2023 оны 1-р сард ОХУ-ын Казань хотод, Зуны наадам Герман Улсын Берлин хотод мөн 2023 онд зохион байгуулагдана.

Тусгай олимпод дауны хам шинж, аутизмын эмгэг, саажилт зэрэг оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус оролцдогоороо Паралимпаас ялгаатай.

Монгол Улсын баг тамирчид 2015 онд Лос Анжелес хотод болсон Зуны наадам, 2017 онд Австри улсад болсон Өвлийн наадам, 2019 онд Абу Даби хотод болсон Зуны наадамд амжилттай оролцсон.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээн, наадамд оролцох, бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа журмын дагуу хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Орчуулах »
error: Content is protected !!