Монголын Үндэсний Бөхийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах барилдаан хоёр өдөр /2021.11.16-17/ Монгол бөхийн өргөөнд үргэлжилж, дүнгээ гаргалаа. 1964 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй зохион байгуулсан түүхт барилдааныг сүүлийн жилүүдэд аймгуудад зохиож ирсэн бөгөөд өнөө жил Улаанбаатар хотноо болсноороо онцлог байв. Энэ жилийн УАШБ-ы ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolsat Networks” компани оролцов.
Тус барилдаанд 21 аймаг, 9 дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан 90 бөх гурван насны ангиллаар ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Хамгийн бага буюу 16 насанд 30 хүүхэд барилдсанаас:
-Сонгинохайрхан дүүргийн бөх С.Бат-Эрдэнэ 27 даваагаар тэргүүн байр
-Баян-Өлгий аймгийн бөх С.Нуртилек 26 даваагаар дэд байр
-Өвөрхангай аймгийн бөх Д.Биндэръяа 24 даваагаар гутгаар байр
-Булган аймгийн бөх Б.Дэлгэрмөрөн 22 даваагаар дөтгөөр байр
-Баянзүрх дүүргийн бөх Э.Жавхлантөгс 22 даваагаар тавдугаар байрт тус тус шалгарчээ.
Энэ насанд “Уран барилдаантай бөх”-ийн шагналыг Багануур дүүргийн Г.Үнэнхүү, “Уран гараа дэвээтэй бөх”-ийн шагналыг Баянгол дүүргийн А.Энхбаяр нар гардав.
Дунд буюу 17 насны 30 хүүхдээс:
-Сэлэнгэ аймгийн бөх Г.Төгсжаргал 28 даваагаар тэргүүн байр
-Баян-Өлгийн Б.Имангали 27 даваагаар дэд байр
-Баянхонгорын О.Тамир 25 даваагаар гутгаар байр
-Завханы Б.Баярболд 24 даваагаар дөтгөөр байр
-Говь-Алтайн М.Өсөх-Ирээдүй 23 даваагаар тавдугаар байрт тус тус шалгарсан байна.
Ахлах буюу 18 насанд зодоглосон 30 бөхөөс:
-Дорноговийн С.Занданхүү 28 даваагаар тэргүүн байр
-Баянзүрх дүүргийн Н.Амгаланбаатар 28 даваагаар дэд байр
-Сэлэнгийн Н.Амаржаргал 27 даваагаар гутгаар байр
-Төвийн Б.Ган-Эрдэнэ 23 даваагаар дөтгөөр байр
-Сүхбаатар аймгийн Д.Бямба-Эрдэнэ 22 даваагаар тавдугаар байрт тус тус шалгарчээ.
Багийн дүнгээр:
О.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүн байрт
-С.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Булган аймгийн баг дэд байрт
-Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг гутгаар байрт шалгарлаа.
Мөн тэмцээнд оролцсон бүх хүүхдэд МҮБХ-ноос Батламж, дурсгалын зүйл гардууллаа. Амжилттай оролцсон болон барилдсан бүх хүүхдүүдэд МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, “Mongolsat Networks” компанийн дэд захирал н.Дөлгөөнтэнгис нар шагналыг гардуулж, баяр хүргэлээ.