З.Мэндсайхан: Бид анх удаагаа цагаан будаа тариалж, амжилттай хураан авлаа

2021-11-16
1 min read

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, “Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байлаа. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар 97 хувийн ургац хураалттай байна. Дотоодын хэрэгцээг хангах хэмжээний төмсийг бүрэн хурааж авсан. Өмнө нь жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ удаад 547,2 мянган тонн хурааж авлаа. Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд өвс тэжээлийн бэлтгэл малчдын түвшинд 92 хувийн гүйцэтгэлтэй, аймаг, нийслэл, сум дүүргийн тэжээлийн аюулгүйн нөөцийг 65.4 хувь хангасан байна. Энэ тоо 11 сардаа багтад зорилтот хэмжээндээ хүрнэ. Худаг ус, хашааны бэлэн байдлыг хангасан. Нийт 19 мянган өрхийн 8.4 сая мал зургаан отрын бүсэд хуваагдаж өвөлжих зохион байгуулалтын ажлууд бүрэн хангагдсан байна” гэлээ.

Мөн тэрбээр Монгол Улсад анх удаа цагаан будаа амжилттайгаар тариалж, хураан авсан тухай онцоллоо.

Тэрбээр энэ талаар “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж Баянхонгор аймагт 10 жил оролдлого хийсний үр дүнд энэ жил анх удаа цагаан будаа тарьж, хурааж авлаа. Хоёр га талбайд тариалснаас 10 тонныг хураан авсан. Тоо хэмжээ хэдий бага сонсогдож байгаа ч уйгагүй оролдлогын үр дүнд эх орондоо цагаан будаа тарих технологийг нутагшуулсан, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломжийг бүрдүүлсэн. Эх орны хөрсөнд ургасан энэхүү цагаан будаа нь “Хөсөг” цагаан будаа нэртэйгээр хэрэглэгч та бүхэнд хүрэх болно” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!