Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын гол үйлдвэрлэгч “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцтай танилцлаа.
Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын үед системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажиллаж байна. Өнгөрсөн оны төвийн системийн оргил ачаалал 1308 МВт-д хүрсэн бол 2021-2022 оны өвлийн оргил ачааллын чадлын хэмжээ 1371 МВт-д хүрэхээр таац гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсөв өнөөдөр батлагдсаныг онцлоод, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарсан төсөв болсон. Цар тахал бүх салбарт хүндрэл учруулж, дулаан, цахилгаан, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэглээг гүйцэхэд хүндрэлтэй болж буй тул цаг алдалгүйгээр Засгийн газар онцгой анхаарал хандуулан арга хэмжээ авч ажиллаж байгааг хэллээ.
Өнгөрсөн 30 жилд энэ салбар гал унтраах, аргацаах байдлаар явж ирсэн. Одоо энэ хандлагыг эрс өөрчилнө. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа гэв. “Тавантолгойн цахилгаан станц”, “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “Чойбалсангийн дулаан цахилгааны станц”-ыг өргөтгөнө. Мөн Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж “ДЦС-3”-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер РАО-Экспорт компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.
Цар тахлыг даван туулах үр дүнтэй арга бол вакцинжуулалт. Энэ хүнд үеийг давж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд эрчим хүчний салбарынхан ч нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр мөн хүслээ.
2021 оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэл 7,070.0 сая кВт.ц, импортын хэмжээ 1,377.73 сая кВт.ц-т хүрч 2020 оны бүтэн жилийн гүйцэтгэлээс даваад байна. Импортын эрчим хүчийг хэрэглэгчийн үнээс өндөр үнээр худалдан авдаг. Тиймээс импортын эрчим хүчний хэмжээ нэмэгдсэнээр эх үүсвэргүй их хэмжээний санхүүгийн өглөг үүсч буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ерөнхий сайдад танилцууллаа.
Улсын хэмжээнд 2020 онд 7,145.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 12.5 сая.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангажээ.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсч байхад дотоодын эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувийн өсөлттэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 190 Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/ц болохоор байна. Хэрэглээ ингэж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа ч үйлдвэрлэж буй өртгөөс бага үнэ, тарифаар борлуулдаг нь энэ салбарыг алдагдалд оруулах гол хүчин зүйл болжээ.
Эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар л гэхэд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Салбарын үндсэн тоноглолын шинэчлэл, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг эрчим хүчний салбарынхан танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарт үүсээд буй эдгээр асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллана гэлээ.