Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа

2021-11-12
1 min read

Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална”, 15.3-т “Нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа.

2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар тушаал, захирамжийн дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.

Хамтарсан тушаал, захирамжийн 1 дүгээр хавсралтаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 хороод хоёрдугаар  бүсэд орж байсныг нэгдүгээр бүс буюу сайжруулсан хатуу түлш хэрэглэх бүсэд шилжүүлж, Баянгол дүүргийн 24, 25 дугаар хороо дөрөвдүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох бүсэд нэмэлтээр  оруулсан байна.

  • Журмын төслийн 4.1.5 дахь хэсэгт “Энэхүү журмын 1.2.3-д заасан сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүргийг тус тус хүлээнэ” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар:  Сайжруулсан шахмал түлшийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахыг хориглох мөн тээвэрлэсэн тохиолдолд улсын өмч болгож сайжруулсан түлшний нөөц багасах, хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

  • Журмын төслийн 5.1.8 дахь заалтыг “Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулна” гэж шинээр нэмж тусгасан.

Тайлбар: Энэхүү заалтад тусгасан арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн А/1033 дугаар захирамжийн дагуу “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Зөвлөлийн ажиллах журам” –аар зохицуулна.

“Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-тай  https://legalinfo.mn/mn/detail/16231325191501 линкээр орж танилцана уу.       

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!