Материал дутуу, шаардлага хангаагүй 244 иргэний халамжийг түр зогсоожээ

2021-11-12
1 min read

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувь алдалтын актад үндэслэн нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэтгэмж олгодог. Монгол Улсын хэмжээнд 110 мянга 393 хүн энэхүү тэтгэмжийг авдаг байна. Хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэнд өнгөрсөн жилд 387.6 тэрбум төгрөгийн төсөв зарцуулжээ.

Гэхдээ энэ мөнгө шаардлагатай иргэнд очиж байгаа эсэхийг холбогдох яамнаас нь шалгаж байгаа бөгөөд одоогоор 244 хүний тэтгэмжийг түр хугацаанд олгохоо зогсоогоод байгаа аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар тайлбарлахдаа “Тэтгэмж авч байгаа нийт 110 мянга гаруй иргэний материалд хяналт тавьж байна. Эдгээр хүмүүсийн дунд одоогоор 244 хүний материал дутуу, шаардлага хангаагүй учир тэтгэмжийг олгохыг түр хугацаанд зогсоосон.

Хэрэв материалаа бүрэн бүрдүүлсэн, өвчний маягт, оношилгоо, шинжилгээний баримтыг хавсаргасан бол тухайн иргэнд ямар ч асуудалгүй тэтгэмж олгогдоно. Шалгалтын гол зорилго бол шаардлагагүй иргэдэд тэтгэмж олгохгүй байх” гэсэн тайлбар өгсөн юм. Тиймээс тэтгэмж авах эрхийг нь түр түдгэлзүүлсэн иргэд харъяа дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтэст хандаж мэдээлэл авах боломжтой юм байна.

Орчуулах »
error: Content is protected !!