Энэ өдрүүдэд Монгол Улс, ОХУ-д ёслон тэмдэглэж байгаа хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан соёлын олон арга хэмжээнүүдийн нэг болох “Монголын номын хэвлэлийн түүх” үзэсгэлэн 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Оросын улсын номын санд нээгдлээ.
Оросын улсын номын сангийн Дорно дахины утга зохиолын төв, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэн хамтран Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр нээж байгаа уг үзэсгэлэнг санаачлагч, монголын түүх соёлыг судлан сонирхогч орос залуус “Нар мандахад байгаль дэлхий сэргэдэг, ном уншихад ухаан санаа тэлдэг” хэмээн хэлэлцдэг монгол түмний номын соёлын үнэт сан хөмрөгөөс орчин үеийн уншигчдад танилцуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнг нээж үг хэлсэн Дорно дахины утга зохиолын төвийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч М.Е.Меланьин Оросын улсын номын сангийн сан хөмрөгт 10000 гаруй монгол ном, төдий тооны тогтмол хэвлэл хадгалагдаж байгааг дуулгав.
Энэ удаа үзэсгэлэнг зохион байгуулагчид голдуу модон барын аргаар 18-19 дүгээр зуунд хэвлэсэн эртний ном судруудыг дэлгэн үзүүлсэн байна. Тэдгээрийн дотор санскрит, монгол, түвд хэлээр бичигдсэн Буддын гурамсан зохиол, 18 дугаар зуунд бичигдсэн Түвдийн яруу найрагч Миларайбын намтар, төвд хэлнээс орчуулсан Энэтхэгийн хаадын тухай хүүрнэл зохиол, Ганжуур судрын Гэтэлгэгч эх зохиол зэрэг ховор хэвлэмэл эх болон гар бичмэлүүд дэлгэгджээ. Тэр ч байтугай зохиолч С.Эрдэнийн орос хэл дээр орчуулагдсан түүвэр зохиол, хүүхдийн “Залгамжлагч” сэтгүүлийн нэгэн дугаар зэрэг сүүлийн үеийн хэвлэлийн бүтээлүүд тавигдсан нь содон байв.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамыг төлөөлж үг хэлсэн зөвлөх Ц.Ганболд тэртээх 13 дугаар зуунаас бичгийн соёлоо түгээж, арваас доошгүй бичиг үсэг янз бүрийн үед хэрэглэж, Копенгаген, Киото, Парис, Бээжин, Москва, Санкт-Петербург хотуудын алдартай номын сан, музейд монгол ном судруудын үнэт өвийг үлдээсэн Монголчуудын номын хэвлэлийн түүхийн өвөөс танилцуулж байгаа зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.
М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын институтийн захирал, түүхийн ухааны доктор А.А.Маслов ном хэвлэл, урлагийн бүтээлүүдийг нандигнан хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээж буй аливаа ажил, санаачлагыг цаашид ч дэмжиж хамтран ажиллана гэлээ.
Монголч эрдэмтэд, монгол хэл, түүхийг судалдаг оюутнууд уригдан оролцсон үзэсгэлэнгийн нээлтэд “Эдийн засгийн дээд сургууль” үндэсний судалгааны их сургуулийн профессор, доктор А.Д.Цендина Монголын номын хэвлэлийн түүхийн үечлэл, хэвлэл ба шашны нөлөөллийн харилцан хамаарал, монгол хэвлэлийн техник, арга барилын талаар танилцуулга хийв.