Япон улс бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар /3 хүртэл сар/ зорчих шаардлагатай гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Тодруулбал, Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий шинээр хилээр нэвтрэх гадаад иргэд хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч болон бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Эдгээр иргэд япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай гэнэ.
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэ “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу. Жич: Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт Визийн олголт хийх боломжгүй гэдгийн анхааруулжээ.