Гэрлэн дохиогүй гарцны хажууд шар дарцаг байрлуулна

2021-11-09
1 min read

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд нэг сарын хугацаатай өрнүүлэхээр болжээ.

Тус аян нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм. Түүнчлэн аяны хүрээнд шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийн зурган болон бичгэн заавар, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрмийг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн байна.

Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, машин руу дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гэрлэн дохиогүй 45 гарцад шар дарцгийг байрлуулжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол улсын хэмжээнд 371 гарч, улмаар 40 хүүхэд амиа алдсан. Нийт осол хэргийн 193 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн хэмээн ТЦА-аас мэдээлжээ.

Орчуулах »
error: Content is protected !!