Г.Занданшатар банкныхны гар хөл болоод яваа юм биш биз

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар сүүлийн үед хуулийн шахаан дээр хоршин тоглох нь илүүтэй болж, холион бантан хутгаж явна. Саяхан хөрөнгө оруулалтын тухай хууль нэрийн дор иргэн харьяатын асуудлыг батлуулахаар чичрэн зүтгэсэн нөхдийг хөтлөн гүйлдэж, оны төгсгөлд шахам хэлэлцэгдэх байсан хуулийн төслийг Г.Занданшатар нь “яаралтай” хэмээн улаан кант татаж ирээд зүтгүүлж, Н.Учрал нь сошиал орчинд нэр нүүрээ ашиглан байж өмөлзөн өмөөрч суусан тэд өнгөрсөн өдрүүдэд койныг эсэргүүцэн чих дөжиртөл шаагилдав.

Эцэстээ УИХ-ын даргын мэдэлд харьяалагддаг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёроор шинээр койн гаргахыг хориглосон мэдэгдэл гаргуулж технологийн дэвшилд хориг тавиулан шившиг болж байна.

Хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл буюу энэ хоёр нөхрийн чадамж, технологийн дэвшлийг гүйцэж ойлгох тархины нь багтаамжид тохируулсан хугацаанд шинээр койн гаргах (IEO), арилжаанд оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг ийнхүү хязгаарлаж буй нь хэд хэдэн хардлагыг зэрэгцүүлэн төрүүлж буй юм.

Уг нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг өнгөрөгч тавдугаар сарын 13-нд Засгийн газраас өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг хаврын чуулганаар хэлэлцэн дэмжиж, Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг хянаж тунгаан түнтэгнэсээр зун, намрыг бараад байгаа.

Харамсалтай нь, эрхэм Г.Занданшатар гуай хойч үеийнхнийхээ эдийн засгийн мэдлэгийг өөрийнхөө хэмжээнд буюу цэнхэр, ягаан тасалбарын дайнд л үнэлдэг бололтой. Н.Учрал гишүүн ч койны зах зээлийг энүүхэн тулган дотроо эргэлдэх хэмжээнд харж, улсаасаа гарч тоглож чаддаггүй бизнес эрхлэгчийн түвшинд л тооцоолов.

Дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой төдийгүй хөрөнгө оруулалтын зорилгоор ч ашиглаж болох үнэ цэнэ бүхий биет бус хөрөнгө буюу виртуал хөрөнгийг Г.Занданшатар нарын нөхөд ойлгох ухаан дутаж байж болох юм.

Монгол Улсад криптовалют, койны талаарх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Өнгөрсөн хугацаанд эрх зүйн орчинг бэлдэх боломж, хугацаа байсан ч цөөн хэдэн хүний эрх ашиг, хэтэвчний багтаамжийг тэлэхийн тулд зориуд хөдөлгөөгүй нь үнэн. Тиймээс койн нь хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй явж ирсэн.

Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө ч биш.

Тэгэхээр Г.Занданшатар, Н.Учрал нарт түй ч хамаагүй, хол асуудал юм.

Хэдийгээр эрх зүйн зохицуулалтгүй ч зах зээлийн зарчмаар өнөөг хүрч, өргөжиж тэлсэн виртуал хөрөнгийг гинжилж зогсоохгүй л бол залуучууд мөнгөтэй болчих гээд, эрх баригчдын хяналтаас гарчих гээд хэцүү байгаа нь үнэн л дээ.

ФАТФ Монгол Улсад өгсөн 40 зөвлөмжийнхөө нэгд Виртуал хөрөнгийн талаар дурьдаж, яаралтай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийг анхааруулснаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байх.

Гадныхан Виртуал хөрөнгийн орчинг ашиглаж монголын авлигач түшээд, төрийн албаныхан төсвийн мөнгө хулгайлах, угаах таатай нөхцөл бүрдчихвий гэж л анхааруулснаас бус технологийн хөгжил, дэвшлийг хааж хорих талаар зөвлөөгүй нь мэдээж.

Гэтэл Г.Занданшатарын “мэдлийн” Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргаж ирээд шинэ койн, шинэ бүтээл гаргахыг хориглож байгаа нь эрх баригчид энэ улсыг коммунизмын зам руу хүчлэн чирч гулдарч байгааг харуулсан эмгэнэлт явдал. Тэрбээр “хүмүүс цалингаараа, хадгаламжаараа, орон сууцаараа койн авлаа” хэмээн бухимдаж байгаа нь дэндүү өрөвдөлтэй, өрөөсгөл чиг хандлага юм.

Иргэд өөрийн мөнгөөр юугаа авч, юунд зориулах нь Г.Занданшатар, Н.Учрал нарт ямар хамаа байна аа. Ёстой лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, УИХ болоод Засгийн газарт огтын падлийгүй хэрэг.

Засгийн газраас дижитал гүйлгээнд учирч болох эрсдэл, тулгарч мэдэх хохирлыг анхааруулж сануулахад л хангалттай. Түүнээс автомашин унах, унахгүйн тухай хууль баталтал Сумъяабазарт машин унахыг хориглолоо гэсэнтэй агаар нэг тэнэг шийдвэрийг гаргаж тархины багтаамжаа харуулах хэрэггүй л дээ.

Ийм эрх Санхүүгийн зохицуулах хороонд ч, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Учралд ч байхгүй.

Хувийн хөрөнгөнд халдах, бусдын бизнесийн үйл ажиллагаа, захиран зарцуулалтад хуруу хошуу дүрж, хөршийн тогоотой хоолноос халбагадах нь коммунизм юм, Г.Занданшатар аа!!!

УИХ-ын дарга нь хууль зөрчиж, иргэдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдаж буй эл явдлаар нь ул хийгээд Үндсэн хуулийн цэцэд өгөхөд хангалттай том шалтгаан юм…

Койны худалдан авалтад иргэд 1 их наядыг зарцуулжээ хэмээн мэдэгдсэн түүний мэдэгдлээс УИХ-ын дарга маань банкныхны гар хөл болоод яваа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна!!!

Учир нь банкуудад иргэдийн 3 их наядын хадгаламж байршдаг гэх бөгөөд койны худалдаа хүчээ авснаар иргэд хадгаламжаа татан, 1 их наядыг нь дижитал хөрөнгийн зах зээлд оруулчихсан гэж байгаа. Энэ байдал банкуудад хүнд цохилт өгч, иргэдийн хадгаламжийг өөрийн хөрөнгө мэт эргэлдүүлэн, энд тэнд хөрөнгө оруулсан шиг дураараа дургин дунд чөмгөөрөө жиргэж байсан тэд ташраараа дампуурч мэдэхээр болсон нь бодит үнэн.

Тиймээс МАН, АН нэрийн дор 30 жил Засгийн эрх барьж буй банкныханд л дижитал технологийн шинэ эрин, шинэ үеийнхэн таалагдахгүй, аюулын харанга болж буй юм.  

Үнэндээ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл хэзээ батлагдаж, хүчин төгөлдөр үйлчлэх нь эргэлзээтэй.

Банкуудыг дампууруулж, төсвийн хулгайчдын эрх ашиг хөндөгдөх уг хуулийн төслийг тийм ч хялбар баталчихгүй. Анхны хэлэлцүүлэгтээ ч ороогүй байгаа хуулийн төсөл байнгын хороо, чуулганы хаалгыг хэдэнтээ татаж, хэдэн улирал дамнаж мэдэх нь ойлгомжтой.

Ийм нөхцөл байдлыг мэдсээр байж УИХ-ын даргын харьяа агентлагаас иргэдийнхээ эрхэнд халдсан хязгаарлалтыг огцом хийсэн нь Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй банкны эздэд үйлчилсэн байж мэдэх давхар гэмт хэргийн шинж харагдаад байгаа юм.

Түүнээс ХАС-ын Ч.Ганхуяг, Соёлын сайд Ч.Номингийн гэр бүл, Хотын дарга Д.Сумъяабазарын гэр бүлүүд койн гаргаж болдог, ардын хүүхэд болохоор гаргаж болдоггүй ДАРАНГУЙЛАЛТ дэглэм байж болохгүй, Г.Занданшатар аа!!!

Хэрэв та банкуудын гар хөл болчихоогүй л бол банкууддаа РЕФОРМ хийчих… Дижитал технологийн хөгжлийн шинэ эрин, хөгжлийн шатанд банкууд чинь барьц алдаж бужигналдахын оронд хэдийнэ бэлдсэн, бэлэн байх ёстой байсан юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!