Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Мах, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр, сүүний саалтуур, хөргүүртэй танк нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх төслийн хүрээнд сүүний чиглэлийн 5000 толгой, махны чиглэлийн 4000 толгой, мах, сүүний чиглэлийн өндөр ашиг, шимтэй цэвэр үүлдрийн үхэр Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөгдөж байна.
Эхний ээлжийн 500 толгой махны чиглэлийн цэвэр үүлдрийн үхэр (грейфорд, абердин-ангусс, лимузин) худалдан авах гэрээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь Улсын “Белплемживобъединение” үржлийн малын нэгдсэн аж ахуйтай 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Минск хотноо байгууллаа.
Төслийн зорилго нь мах, сүүний чиглэлийн үхрийн генийн нөөцийг сайжруулж, эрчимжсэн аж ахуй дахь цэвэр үүлдрийн үхрийн тоог нэмэгдүүлж, сүү, сүүн болон мах, махан бүтээгдэхүүний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх, хуурай сүүний импортыг бууруулж, махны экспортыг дэмжихэд оршиж байна.
Энэхүү төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн албан томилолтын хүрээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас амьд мал, тахиа шувууны мах импортлох, Монгол Улсаас хонь, ямаа, адууны мах болон мах, махан бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлгийн гэрчилгээг тохиролцон Монголын талаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч Б.Ганзориг, Беларусь Улсын Хөдөө аж ахуйн Дэд сайд, Ерөнхий малын эмч Смильгинь Иван Иванович нар гарын үсэг зурлаа.