Батлан хамгаалахын салбар бүтээгч үйлдвэрлэгч байх зорилт тавьсан талаар салбарын сайд мэдээллээ. Тэрбээр, 100 жилийн түүхтэй зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч буу, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэж байгаагүй.
Харин 2020 онд зэвсэгт хүчин гурван төрлийн тагнуул, байлдааны болон хөнгөн оврын техник үйлдвэрлэснээс гадна 3-30 км-т өөрийн тэжээлээр явах, тагнуул хийх, зураг авах, мэдээлэл дамжуулах, хянах үүрэгтэй дрон зэрэг 25 техникийг цэргийн инженер техникийн мэргэжилтнүүдийн хүчээр үйлдвэрлэсэн.
Мөн 1000 км-т холбоо барьдаг Монрадио станцыг үйлдвэрлэж, аналоги системтэй станцыг дижитал болгон шинэчилсэн байна. Эдгээрийг хийхэд нийт 2 тэрбум орчим төгрөг зарцуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө харахгүйгээр бүтээн байгуулж байгаа. Зэвсэгт хүчний зэвсэг техникийг аажмаар шинэчлэх боломж байна гэжээ.
Цаашид дотооддоо сумны үйлдвэр байгуулах эхлэлээ тавьж, 2023 оноос бүх төрлийн буудлагын сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн зорилт тавьжээ.
Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн өндөр чадамжтай мэргэшсэн чадварлаг зэвсэгт хүчинтэй болно гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.