БНХАУ сарны гадаргуугаас геологийн дээж авах төхөөрөмжийг хөөргөлөө

2020-11-24
1 min read

 БНХАУ сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах “Чанъэ-5” сансрын автомат төхөөрөмжийг тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Хайнань мужид орших Вэньчан сансрын буудлын хөөргөх удирдлагын төвөөс мэдээлсэн байна. Уг аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Энэхүү төслийг 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан боловч эхлээд 2019 оны эцэст, харин дараа нь энэ оны 11 дүгээр сард болгон хойшлуулсан байна.  

Вэньчан сансрын буудлын хөөргөх удирдлагын төвийн мэдээлснээр, “Чанъэ-5” аппарат найм орчим хоногийн дараа саран дээр буух бөгөөд үүний дараа хайрга гарган авах өрөмдлөг хийж нийтдээ 2 кг чулуулаг цуглуулах төлөвлөгөөтэй ажээ.

Уг аппаратыг төлөвлөсөн хуваарийн дагуу мягмар гарагт Бээжингийн цагаар 04 цаг 30 минутад “Чанжэн-5” (CZ-5) хүнд зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Хэрэв даалгавар бүхэлдээ амжилттай хэрэгжвэл Хятад улс сүүлийн 44 жилийн хугацаанд сарны гадаргуугаас геологийн дээж тээвэрлэх төслийг хэрэгжүүлсэн анхны улс болох юм.

Орчуулах »
error: Content is protected !!