Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах чиглэлээр хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ.
Мөн Улаанбаатар хотын тойрог зам, хурдны зам буюу нэг талдаа гурван эгнээтэй, нийт зургаан эгнээтэй хурдны замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөнд ороод байгаа. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг ч мөн гаргасан бөгөөд бодит байдалд нийцүүлэх чиглэлээр манай мэргэжилтнүүд ажиллаж байна. Түүнчлэн хурдны замын төсөл хэрэгжинэ. Босоо болон хэвтээ тэнхлэгийн 70.2, 82.3 км авто замуудыг төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр тавихаар төлөвлөсөн. Нийтийн тээвэрт хийх парк шинэчлэлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хийсэн урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон. Одоогоор 200-300 цахилгаан автобус худалдан авах хэлэлцээрийг хийгээд байна” гэлээ.