Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр Хөхний төв нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Жилээс жилд хөхний хорт хавдрын өвчлөл ихсэж байгаа. Хөхний тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх шаардлагатай гэж үзэн Хөхний төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээж байна. Энэхүү төв нь дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй Монгол Улсад жишиг болохуйц юм. Энэ үед төрийн бус байгууллагуудын үүрэг их чухал. Хиймэл оюун ухаан бүхий эхоны аппарат ХСҮТ-д нэмэгдэж байгаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, “Хөхний хорт хавдар нь зардал өндөртэй эмчилгээний төрөлд ордог. Нэг өвчтөн л гэхэд жилдээ ойролцоогоор 22 орчим сая төгрөгийн зардал гардаг гэсэн тооцоо бий. Учир нь мэс заслаас эхлээд хими туяаны эмчилгээ ороод, дээрээс нь бай эмчилгээг 6-8 курс хийлгэх шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог өөрчилснөөр ХСҮТ дээр эмчлүүлж байгаа иргэн хамтын төлбөр төлөх шаардлагагүй болж байгаа юм. Эрүүл мэндийн хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэж заасан. Тэгвэл одооноос жинхэнэ утгаараа төр даадаг болж байна. Өөрөөр хэлбэл даатгалаас 75 хувь, иргэнээс 25 хувь гэдэг төлбөр хорт хавдрын эмчилгээнд байхгүй болсон. Иргэдэд очих санхүүгийн дарамт алга болсон гэж ойлгож болно” гэлээ.