Шатахууны үнэ дахин өсөхийг, урд хил өөрөөс тань болж хаагдсаныг хэдий хүртэл нуух вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Улсаараа дампуурч, эдийн засаг элгээрээ хэвтчихлээ. Худал хуурмагийн туйл болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмнээ, гадна дотнын харилцагч улс орнуудтай юутай нь хуурч, алтан өндөг гаргадаг тахианы үлгэр ярьсаар сууна.

Түүний эл байдлаас болж урд хөрш хилээ тодорхойгүй хугацаагаар хаачихлаа.

Туршлага мэдлэггүй цуглуулгын нөхдөөр танхимаа бүрдүүлсэн Засгийн газрын уршгаар шат шатны ажил үйлчилгээ хогийн тантан мэт болсон. Энэ нь хилийн боомтууд дээр ч нөлөөлж, хөрш орнуудын үйл ажиллагаанд түвэг удах болсон тул Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр өнгөрөгч хавраас эхлэн хязгаарлалт тавьж, сануулга өгч байв.

Хөршийн сануулга, зарим нэг хязгаарлалтын улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долдугаар сарын эхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцангаа боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна хэмээн лүндэн буулгасан.

Түүний эл шийдвэрт монголчууд байтугай Хятадын тал ч итгэн ажил сайжрахыг хүлээсэн билээ. Харамсалтай нь боомтын үйл ажиллагаа, нөхцөл байдал сайжрах бүү хэл улам унаж, өвлийн олимпдоо хариуцлагатайгаар бэлтгэж буй хөршдөө саад болох нь хэрээс хэтэрч тахлын хяналтаа хил давуулан алдаж эхлэв. Боомтын үйл ажиллагааг сайжруулж чадахгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэсэн нь хий хоосон сүрдүүлэг төдий, хэлсэн ярьсандаа хүрдэггүйгээр үл барам БНХАУ-ын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хийсэн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр харилцан хариуцлагатай байж цар тахлыг давах амлалтдаа хүрэлгүй хөршийн хил давуулан тахал алдсан тул эл фактаар нь далимдуулан Хятадын талаас Эрээний хилийг хязгааргүйгээр хааж орхисон нь үнэн.

Хамгийн ичгүүртэй нь Ли Көцянтай онлайн уулзалт хийснийхээ дараа Хятадын тал найрсгаар хүлээн авч, бидэнд туслахаар боллоо гэхийн оронд манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ли Көцянд үүрэг болгоод шахам асуудлуудаа шийдүүлчихсэн юм шиг утга найруулгатай мэдээллийг сайдыг тойрон хүрээлсэн пиарч нөхөд нь хийж бантагнуулсан.

Тэгэхээр ийм арчаагүй, үл бүтэх нөхдөөр хүрээлүүлсэн танхимтай, гаргасан шийдвэр үг нь хэрэгжиж ажил болдоггүй Ерөнхий сайдтай байхад буюу товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед урд хил нээгдэхгүй нь тодорхой гэсэн үг.

Өөрсдийн бурууг засч, алдаа оноог дэнсэлж, шат шатны ажил, албан тушаалтнууддаа хариуцлага тооцчихоод урд хөрштэйгээ дахин ярилцахын оронд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэгчээр “Бээжингийн өвлийн олимп дуустал Хятадын хуурай замын боомтууд бүгд нээгдэхгүй ээ” гэсэн олхиогүй мэдэгдэл хийлгэсэн.

Хонх нь дуугарахаар дамар, дамар нь дуугарахаар лам нь таг гэгчээр урд хөршдөө түвэг болсон асуудлын хажуугаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д гайгүй уулзалтууд хийсэн ч төгсгөлд нь Засгийн газраасаа гадны агент болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх албан ёсны нэр авчихаад байгаа Дождь ТВ дээр очиж ярилцлага өгөн болчимгүй алдаа гаргачихаад байгаа.

Энэ бүх жижиг, томгүй гаргаж буй эрээ цээргүй алдаанаасаа энэ Засгийн газар ичиж үхэж, огцрох өргөдлөө өгөөд зайлах ёстой юм.

Эс бөгөөс Хятадын тал бүрэн утгаараа манайд хаалттай улс болж магадгүй байна. Учир нь манай томоохон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс БНХАУ-ын Альша аймгийн даргатай онлайн уулзалт хийхэд “Монголтой тохиролцсон олон зүйл хэрэгжихгүй байгаа гээд Та нар байнга биднийг хужаа гэж доромжилж байхад бид яагаад хүссэнээр чинь хөдөлж, гүйх ёстой юм бэ?!” хэмээн хатуурхсан гэнэ.

Тэгэхээр энэ нь Бээжингийн байр суурь гэсэн үг. Бээжингийн зөвшөөрөлгүйгээр орон нутгийн албан хаагч ийм зүйл дуугарахгүй гэдгийг манай ганзагын наймаачид ч мэднэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Муу дээр муу, муухай дээр улцан болж удахгүй бензин шатахуун, дизель түлшний үнэ даравч далдайн, булавч бултайтал өсөх нь.

Энэ сард буюу аравдугаар сард тонн тутамд


А80 688$,
А92 718$,
А95 788$,
А98 838$,
Winter DT 665$,
Euro5 winter DT 665$
байсан бол

Ирэх арваннэгдүгээр сард

А80 800$,
А92 830$,
А95 900$,
А98 950$,
Winter DT 774$,
Euro5 winter DT 774$
болж өсөхөөр болчихсон байна.

Гэтэл унхиагүй, богинын зайн тооцоот Ерөнхий сайд гуай арваннэгдүгээр сар хаяанд ирчихээд байхад л хомсдлоо гайгүй болгоно хэмээн нөөцөнд анхаарсаар ҮНЭ рүү огт орохгүй байгаа нь аюул юм.

Түүнд мөнөөх “Монголчууд чинь цагаан цаас юм, юу ч гэж бурсан болно” хэмээн М.Энхболдод зөвлөж байсан аймшигт зөвлөх бүсгүй нь “Зургаан сарын дундчилсан үнэ зохиогоод түүгээрээ бариулчих” гэх утга бүхий зөвлөгөөг өгсөн гэдгийг Ерөнхий сайдын ойрын эх сурвалжаас өгч байна.

Түүний энэ элий зөвлөгөөг дагаж өнгөрсөн 6 сарын дунджаар үнэ өсгөчихвөл, ирэх жилд үнэ буулаа гэхэд (өвөл үнэ буудгийг бүгд мэднэ…) дундчилсан үнэ буухгүй, өндөр хэвээр байна гэсэн үг. Ийм галзуу солиотой, модон зохицуулалтыг хийлгэхээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхүүд улайрч буй нь эмгэнэлтэй.

Монголчууд тэнэг биш. Тэртэй тэргүй гадна талд өсч буй үнийг мэдэхгүй, харахгүй байна гэж байхгүй.

Хараажаар бүх төрлийн шатахуун, дизель түлшний үнэ ирэх сард тонн тутамдаа 112-182 ам.доллараар нэмэгдэх нь тодорхой болсон байхад үнэн бодит мэдээллийг иргэддээ өгөөд түлш шатахууныхаа үнийг нэмээд яв, Ерөнхий сайд аа!!!

Эс бөгөөс үнэ нэмүүлэхгүй гэх шоудалтаас чинь болж импортлогчид үнэтэй түлш, шатахуун авахгүй хүлээзнэж, түүнээс нь болж дахин хомсдолд орох аюул ойрхон байна. Түлш шатахуунгүй бухимдаж хэвтсэнээс тэртэй тэргүй гадна зах зээлд нэмэгдэж буй ханшаар нь шатахуунаа аваад гэлдэрч амьдарсан нь дээр юм.

Бодит нөхцөл байдалд уялдсан шийдвэр гаргаж чадахгүй дээр доргүй алцагнуулснаас чинь болж шатахууны нөөц бүрдүүлэх, бодлого боловсруулах учиртай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр чинь ирээдүйд ирэх хариуцлагаас зугтан өргөдлөө өгөөд явчихлаа. Ашигт малтмалын газрын дарга Х.Хэрлэн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс УБТЗ-ын даргын суудлыг манахаар цүнхээ үүрээд гүйчихсэн.

Нэн чухал цагт эзгүйрч үлдсэн газрыг төлөөлж, ашигт малтмал, газрын тосны нөөц, үнийн асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ярьмар болж бантан зуураад байна.

Засгийн газраас бензин шатахууны 45 хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд импортлогч компаниудад Монголбанкнаас зургаан хувийн хүүтэй санхүүжилт олгоно хэмээн попроод байсан ажил чинь юу болсон юм, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Сарын өмнө гаргасан эл шийдвэр байтугай 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдлыг сайжруулахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэсэн шийдвэр чинь хэрэгжихгүй 4 сарын нүүр үзэх гэж байгаагаас чинь ард түмэн, цаашлаад хөрш гүрнүүд залхаад зам мөрөө хөөж эхэллээ.

Ийм худал хуурмаг, унхиагүй байдлаар Засаг тэргүүлж, тэнд андын хөшөө, энд ахын төсөл ярьж төр улсаа туйлдуулж байхаар ажлаа өгч, ах дүүсээ дагуулаад гэртээ харь…

Урт дулаан намар болж ард олон чинь амгалан хүлээцтэй хандаж байгаагаас бус өвлийн гутал хувцсаа татаж авч чадахгүй бээрч даарах цагт бүтэлгүй сайдуудтай болхи танхим чинь бүтэн дүүрэн байх тухайд бодохын ч хэрэггүй болох цаг ойрхон бий вий, ЕРӨНХИЙ САЙД АА!!!

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЧДИЙН “НАЖ МОГОЙ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Орчуулах »
error: Content is protected !!