Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж байна. Статистикийн тухай хуульд зааснаар энэ тооллогыг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаад тооллогыг цахим хэлбэрээр буюу toollogo.1212.mn цахим хуудсаар бүртгэн явуулах аж.
Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагыг тооллогод хамруулах юм байна. Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгддэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг мөн бүртгэлд хамруулна.
Энэ удаагийн тооллогоор ААН байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тэдгээрийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, байршил, улс орны эдийн засагт оруулж буй тодорхойлох, бизнес, инноваци, судалгаа хөгжүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллээр бодлого боловсруулагчдыг хангах зорилготой.
Статистикийн хуульд зааснаар ААН байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдах үүрэгтэй бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгдмэл мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргах, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.