Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэн 250 мянган төгрөгөөр зардаг байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн саатуулжээ. Тодруулбал, Цахим орчинд “Цахим ажил” гэсэн хаягнаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зарыг байршуулж, хандсан иргэдэд хуурамч бичиг баримт буюу нас барсны гэрчилгээг 250 мянган төгрөгөөр борлуулж байсан 35 настай Б, 33 настай У нарыг саатуулжээ. Тэд одоогоор 7-8 үйлдлээ хүлээгээд байгаа ажээ. Б, У нар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.