Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх тогтоолыг баталлаа

2021-10-21
1 min read

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар орон нутагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх тогтоолыг баталлаа. Тогтоолд:

– Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх;

– Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;

– Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгажээ.  

Манай улсад 88 их, дээд сургуульд 150 мянга орчим оюутан суралцдаг. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод суралцдаг байна. Өөрөөр хэлбэл, нийт оюутны 5 хувь нь орон нутаг дахь найман их, дээд сургуульд суралцаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь их, дээд сургуулиуд хүчин чадлынхаа 30-40 хувийг л ашиглаж байна. Иймд сургуулиудыг 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллана. Их, дээд сургуулийг орон нутагт хөгжүүлэх нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна бүс нутгийн хөгжил, орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулахад ихээхэн ач холбогдолтой юм.  

Орон нутаг дахь төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг олгоно. Мөн багш нарын  цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, орон нутгийн нэмэгдэл, ипотекийн зээлд хамруулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.

Орчуулах »
error: Content is protected !!