“Хүүхдийн галт тэрэг” сургалт, судалгааны баазыг ашиглалтад орууллаа

2021-10-18
1 min read

Дархан хотын 60 жилийн ойн энэ өдөр УБТЗ ХНН-ээс “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн галт тэрэг” сургалт, судалгааны баазыг ашиглалтад орууллаа.

Нэг жилийн өмнө УБТЗ ХХН, Дархан-Уул аймгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж эхлэлийг нь тавьж байсан бол өнөөдөр ийнхүү биелэлээ олж байна. 

“Хүүхдийн галт тэрэг” нь нэг зүтгүүр, хоёр суудлын галт тэрэгтэй бөгөөд нийт 64 зорчигч нэг удаад аялах боломжтой ч цар тахлаас шалтгаалан нэг галт тэрэгт 16 зорчигч нийт 32 хүүхэд аялах аж.

Нээлтийн үеэр хүүхэд багачууддаа зориулан үнэ төлбөргүй үйлчиллээ. Цаашид аймаг орон нутгийн удирдлагууд, ИТХ-аар хэлэлцүүлэн үнэ, тарифыг тогтоох аж. Нийт 2.3 км замыг зорчигчоо буулгаж, суулгах өртөөнүүдэд зогсоох минутаас шалтгаалан цагт нэг аялал хийх боломжтой гэж төслийн удирдагч Ч.Мөнхбат хэлж байлаа.

Өдөр бүр 11:00-20:00 цаг хүртэл галт тэрэг аялна. Бумбардай, Сараана, Сүмбэн зэрэг гурван өртөөтэй бөгөөд өртөөнүүдэд хүүхэд багачууд бууж, суух боломжтой ажээ.

Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй уг төсөл нь Дархан хотод тэр дундаа 60 жилийн ойн энэ өдөр ашиглалтад орж буйд орон, нутгийн удирдлагууд талархалтай байлаа.

Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ.  “Хүүхдийн төмөр зам” сургалт, судалгааны төвийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Монгол Улсын гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгосон аж.  Уг батламжийг нээлтийн үеэр эхнэрт нь гардуулан өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!