Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай явагдаж байна хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлжээ.
Мөн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулиар их дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн албанаас түр чөлөөлдөг байсан бол одоо энэ заалт хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл оюутнууд зарлан дуудах бичгийн дагуу цэрэг татлагад хамрагдах ёстой ажээ. Тэд цэрэг татлагын байрандаа очиж, эрүүл мэндийн үзлэгээр орох юм. Харин гадаадад суралцахаар болсон, гадаад руу явах, эсвэл өвчтэй, ар гэрийн гачигдалтай, албан томилолтын улмаас цэрэг татлагын өдөр эзгүй байх иргэдийг цэрэг татлагын байранд урьдчилсан байдлаар хүлээн авч, уулзаж байгаа.