Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна.
Засгийн газрын 2020 оны 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний шинэчлэлийн хөтөлбөр”-т асрамжийн газрын хүний нөөцийг чадавхжуулах, сургалтыг тогтмол зохион байгуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн 2023 он гэхэд бүх ажилтнуудыг хамруулан сертификат олгохоор төлөвлөж байгаа. Энэ хүрээнд төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудын чадавх бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг Дэлхийн банкны “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр цахимаар зохион байгуулж байна.
Сургалтын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож амжилт хүслээ. Мөн тэрбээр “Сургалтаар асруулагчидтай хэрхэн ажиллах, хувь хүний хөгжийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, ажлын байран дахь харилцаа хандлага, стресс менежмент, асруулагчдын асаргаа сувилгаа, анхны тусламж, Ковид-19 цар тахлын үед авах арга хэмжээ, асруулагчдын дархлааг хэрхэн дэмжих талаар онол практик хосолсон агуулгын хүрээнд мэдлэг дадлага, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр сэдвээр мэргэжлийн доктор, профессор, сургагч багш нар илтгэл орж мэдээлэл өгч байгаа нь онцлог, давуу талтай” гэв.
Сургалтад орон нутаг, хувийн хэвшлийн асрамжийн газруудын 70 гаруй ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилтнууд, Түр хоноглох үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан Төрийн бус байгууллагын ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, сургагч багш нар оролцож байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бусад дагалдах хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлж санал авч байгаа бөгөөд, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор Асрамжийн ажилтан албан хаагчдад Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, хэлэлцүүллээ.