УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хуш модны самар түүж бэлтгэхийг хориглох тухай саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Түүний саналд, “Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаарх Засгийн газрын чиглэлийн дагуу ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Монгол Улс нь цаг агаарын хувьд эрс, тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орон. Нийт газар нутгийн 9,1 хувь нь буюу 14255.9 мянган га нь ойн сан бүхий газар бүртгэгдсэн хэдий ч ойн тйүмэр болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тооб уурч, 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгаа харуулж байгааг тэрбээр онцолжээ. Мөн цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховордсон болон нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлж, хүний амь нас эндсэн тохиолдол гарсныг ч саналдаа тусгасан байна. Тиймээс Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтийг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, зорилгоор хуш модны самрын түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох зайлшгүй шаардлага байна” гэжээ.