–“Эрчис ойл”-ыг амилуулах гэсэн эрх баригчид шатахууны зохиомол хомсдол бий болгож байна–
–Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц амлалтыг оросуудад өгсөн Д.Сумъяабазар, түүнийг нь биелүүлэх гэрээ хийхээр болоод байгаа Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл бүрдэв-
“Хүний хөгжлийн”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх”, “Тариалан эрхлэлтийг дэмжих”, “Нутгийн хөгжлийн” гэхчлэн гоё нэртэй 20 гаруй сан бий ч ашигтай ажилласан нь үгүй. Сангуудад төвлөрүүлсэн мөнгийг УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, компанийнхан урт хугацаатай, бага хүүтэй зээл нэрээр авч цөлмөн шамшигдуулдаг.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхад УИХ дахь 65 гишүүнийх нь тал нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас зээл авсныг иргэд мартаагүй. Сан нэрийн дор бүлэглэн хулгайлагчид дахин нэг сан байгуулж идэхээр бэлтгэж байгааг бид өмнө мэдээлсэн.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бензин шатахууны хангамжийг сайжруулах, үнийг тогтвортой байлгах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг зогсоох, эдийн засгийн өсөлтийг хангах гэсэн том зорилготой сан бий болгож, “Эрчис ойл” хэмээх төрийн өмчит компанийг цаасан дээр байгуулсан байдаг.
Энэ компанийн хөрөнгийг бүрдүүлэхдээ шатахуун импортлогчдоос татаас авч, 100 тэрбумыг тэднээр гаргуулахаар төлөвлөсөн бөгөөд ингэхдээ шатахуун импортлогч хувийн компаниудын борлуулсан нэг литр бензин, дизель түлш тутмаас тодорхой хэмжээний татвар авах, Шатахууны онцгой албан татварын нэг хэсгийг санд төвлөрүүлэх журмаар хөрөнгө босгохоор тооцсон байгаа юм.
Засгийн газар хувийн хэвшлээ дээрэмдэж, тулган шаардаж 100 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гээд ойлгочиход буруутахгүй.
Өнгөрсөн сард бий болсон бензин, шатахууны хомсдолд эрх баригчид буруутай гэдгийг олон нийтээр мэдсэн. Хомсдол бий болж магадгүйг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд, гол ханган нийлүүлэгчдээс урьдчилан анхааруулсаар байсан ч эрх баригчид, чиглэлийн яам, агентлагийн удирдлагаас үл тоон, ямар ч арга хэмжээ аваагүй байв.
Гол хэрэглээ болсон “АИ-92”, “АИ-95” бензиний гол нийлүүлэгч Оросын компаниудтай гэрээ хэлцэл огт хийгээгүйгээр үл барам хомсдол нүүрлэхэд бүх бурууг шатахуун импортлогчид руу чихэх гэж үзээд үнэнд гүйцэгдэн булайгаа чирсэн. Оросын гол ханган нийлүүлэгчидтэй шатахуун импортлогчид хэлцэл хийх болоход Газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр чадваргүй гэдгээ ил хэлээд явахаас татгалзан улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө.
Энэ нь Ц.Эрдэнэбаяр өргөдлөө өгсөн гэхээс илүүтэй Л.Оюун-Эрдэнийн зүгээс түүгээр туг тахьсан болж, дүйвээнд нь өөр хоёр даргын цалин буурсан арга хэмжээ авагдаад өнгөрөв. Ц.Эрдэнэбаяр “Иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье” хэмээгээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь үнэн хэрэгтээ “Эрх баригчдын арчаагүй байгаад уучлаарай” гэсэнтэй утга нэг өргөдөл юм.
Үнэндээ ч эрх баригчдын ичгүүртэй шоу өдөр өнжих биш…
Хувийн хэвшлийнхэн ОХУ-ыг зорьж, “Роснефть” компанитай хэлцэл хийн байж шатахуунтай залгуулсныг бүгд мэднэ. Гэтэл гэрээс гарч, гэдэс алдаагүй суусан мээр Д.Сумъяабазар үр дүнг өөртөө авч, Киргиз рүү ачиж байсан шатахууныг би л ярьж байж замаас нь Монгол руу авч ирэхээр болов хэмээн жиргэж түмний доог тохуу болов.
Хотын дарга “Роснефть” компанийн зарим удирдлагатай ярьсан нь үнээн. Гэхдээ түүний шоудсанчлан оросууд Киргиз рүү ачиж байсан шатахуунаа Монголд өгсөн асуудлаар биш, сайд байхдаа онгоцны шинэ буудлын шатахууны хангамжийг тус компаниар гүйцэтгүүлнэ гэж амлаад дашийн шог болгосон асуудлыг нь л сануулсан гэж байгаа.
МИАТ компанийн болон манай аэродромд буусан аль ч авиакомпанийн онгоцны шатахуун цэнэглэлтийг “Сод Монгол” компани гүйцэтгэж ирсэн. Энэ ажлыг Д.Сумъяабазар оросуудад өгснөөр үндэсний компаниа шахаж, Монгол Улс онгоцны шатахууны хангамжаар “Роснефть” компаниас хараат болох эрсдэлт үүдийг нээж өгсөн нь өнгөрсөн өдрүүдийн мэдээллээр тодорхой боллоо.
Түүний шийдвэрийн уршгаар үндэсний аюулгүй байдал алдагдана. Онгоцны бензин нийлүүлэх ажлыг гадаадынханд өгөхөөр амласан Д.Сумъяабазарыг огцруулахад ч багадах байтал тэрбээр гавьяа байгуулсан мэт даналзаж суух нь тэнэгийнх үү, том зүрхтэйнх үү.
Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц амлалтыг оросуудад өгсөн Д.Сумъяабазар, түүнийг нь амилуулах гэрээ хийх эрхийг Г.Ёндон сайдад өгсөн Засгийн газарт хариуцлага тооцох хангалттай үндэслэл бүрдчихээд байна.
Нэг л өдөр оросууд крантаа хаахад манай онгоцууд хөөрч чадахгүйд хүрнэ. Нөгөө талаас Монголд гадаадын ямар ямар авиакомпанийн онгоц бууж, цэнэглүүлж байна вэ гэдэг бүх мэдээлэл оросуудын гарт очно.
“Бид оросуудад мэдээллээ өгөхгүй” гээд гадаадын авиакомпанийнхан онгоцоо Монголд буулгахгүй болчихвол бид яах вэ…
Ухаандаа КАL, JAL-ийн онгоцууд Монголд буухаа больчихвол бид дээрх хоёр улсад ирж, очихдоо хоёр хөршөөрөө дамжих шаардлага наад захын тулгарах асуудал.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахуун импортлогч компанийнхантай уулзсан. Уулзалтад оролцсогсдоос өгсөн мэдээллээр салбарын сайд бензин, шатахууны хомсдлоос хэрхэн гарах гарцыг хайх бус, ямар ч асуудал үүссэн шатахуун импортлогчид та нар бидэнтэй хамт байна шүү. Үгүй гэвэл тусгай зөвшөөрлийг чинь хурааж авна, бид төрийн компани байгуулна, “Роснефть” компанийн шатахууны жижиглэнгийн салбарыг Монголд оруулж ирнэ” хэмээн аархсан байна.
Төр бизнест хутгалдахаараа ямар болгодгийг Венесуэлийн жишээнээс бид мэднэ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хувийн хэвшлийнхэндээ нэмэр болох байтугай нэрмээс болж Өмнөд хөршийн экспортлогчидтой гэрээ хийж мөнгөө шилжүүлсэн, гаалийн татвараа хүртэл төлчихсөн компаниудын бензин, шатахууныг захиалга хийгээгүй, нөөцгүй болсон компанийнханд шууд хуваарилан ил цагаандаа гарсан дээрмийг хийж байгаа юм.
Энэ нь дээрмээс гадна үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй хувийн хэвшлүүдийн ажлыг царцаан байж цаасан дээр байгаа “Эрчис ойл” компаниа амилуулах гэсэн атгаг санаа гэхээс өөрөөр харагдахгүй байна.
Тэдний үйлдэл улам увайгүй болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд болсон дээрх уулзалтын үеэр Ерөнхий сайдын эдийн бодлогын зөвлөх Болормаа “Шатахуун хомсдоно гэсэн мэдээллээс үүдэн улсын нөөц багаслаа. Тиймээс Ковидын тархалт нэмэгдэж байгааг далимдуулан ирэх долоо хоногоос бага ангийн хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүйгээр зохицуулж болно. Тэгвэл хүүхдүүдээ сургуульд хүргэж өгдөг эцэг, эхчүүд машинаа тавина. Ингэж бензиний хэрэглээг багасгая” хэмээн далийрсан байгаа юм.
Өөрсдийн алдаатай бодлогыг халдварт өвчнөөр далимдуулан засварлах санаа нь юм байх.
Түүний зөвлөснөөр энэ долоо хоногоос хөл хорио тогтоож шатахууны жаахан нөөцөө гамнах байсан ч нөхөн сонгуулийн ирц хүрэлгүй санал хураалт дараагийн 7 хоног руу шилжсэн тул сургуулиудыг хаах асуудлыг нөхөн сонгуулийн дараа дахин ярилцахаар хойшлуулсан байна.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН “НАЖ МОГОЙ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО