“Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2021-10-08
1 min read

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг  орон даяар эхлүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр  Өмнөговь аймагт мод тарих үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүллээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль Орчин Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат болон Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн их сургуулийн төлөөлөл Өмнөговь аймгийн ойжуулалтын үйл ажиллагаатай танилцав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих хөдөлгөөнийг олон аж ахуйн нэгж, иргэд дэмжин идэвхтэй оролцож байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон мод тарих үндэсний хөдөлгөөнд манлайлан оролцож байна.  Ойжуулалтыг эрчимжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр жимс жимсгэнэ, бордооны аж ахуй хөгжиж, ажлын байр болон  хамгаалалтын зурвас, усжуулалтын систем  нэмэгдэх олон талын ач холбогдолтой”-г онцлов.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 Бизнес төлөвлөгөөг боловсруулан компанийн ТУЗ-өөр батлуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү төлөвлөгөөний хүрээнд Хангай болон говийн нутагт хэрэгжүүлэх “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд 57 сая модыг Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-н охин компаниуд болох Нүүрс Баяжуулах үйлдвэр, Зүүнбаян төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Тавантолгой түлш ХХК, Гашуун сухайт автозам ХХК болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран тарьж ургуулна.

Мөн тарихаар төлөвлөсөн нийт модны 25 хувь болох 44 сая модыг Хуурай хээрийн бүсэд, 45 хувь болох 79 сая модыг ойт хээрийн бүсэд уул уурхайн нөлөөлөлд өртөн, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарихаар тооцоолж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тарихаар төлөвлөсөн 180 сая модыг Говийн бүсийн мод үржүүлэг буюу компанийн Өмнөговь аймгийн салбарт байрлах мод үржүүлгийн талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр, Хуурай хээр болон ойт хээрийн бүсийн мод үржүүлгийн талбай байгуулж, суулгац бэлдэн тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа юм.

Орчуулах »
error: Content is protected !!