Я.СОДБААТАР: УЛААНБААТАРТ “ГАЦСАН” ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ, БУЦААНА

Өнөөдөр /2020.11.22/ 12:00 цагт Улсын онцгой комиссын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга  Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж байгаа асуултуудад тайлбар, нэмэлт мэдээлэл өгснийг дэлгэрүүлэн хүргэе.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан;

Улсын хэмжээнд “КОВИД-19”-ийн халдвар  төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар  тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулвал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал бөгөөд  үнэр, амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал гэсэн шинж тэмдэг илэрсэн. Эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол байхгүй учир улсын хэмжээнд халдвар тархаагүй гэж үзэх үндэслэлтэй.  Тархалтыг бүрэн хумихын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь чухал байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн PCR болон түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсаны 50 мянга нь Улаанбаатар хотынх. Үүнээс 20 мянга нь сайн дураараа шинжилгээнд хамрагдахад нэг ч халдвар илрээгүй нь  халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж байна гэсэн үг.Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын  700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд PCR шинжилгээ хийсэн.  Шинжилгээний хариунд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг  тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч байгаа байдлаас үзэхэд голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан гэж дүгнэж байгаа. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаа учир аймгийн 26 мянга, Алтанбулаг сумын 5,000 иргэнийг ирэх долоо хоногт багтаан түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулна. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүнийг халдвар илэрснээс эхлэн тусгаарласан. Төмөр зам дагасан газруудаас ойрын хавьтлын бус хүнээс халдвар илэрч байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар;

Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байнгын болон байнгын бус 15,694 ажилтанд шинжилгээ хийж байна. Ойрын хоёр өдөрт багтаан үлдсэн 2,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж дуусна.Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах  байдлаар зохицуулсан.  Цаашид байдал хүндэрвэл төмөр замын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг дайчлахаар бэлтгэж байна.  Дотоодод халдвар илэрсэн, тэр дундаа Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэнээс шалтгаалж БНХАУ-ын тал хилийн боомтын хяналт, шалгалтаа чангатгасан.  Экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос ачаа тээвэр оруулж ирдэг байнгын тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулж 50 жолоочийг хилийн цаана сарын турш байрлуулна. Эдгээр жолооч хоёр орны хилийн дундын бүсэд ачаа тээвээ авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч хүлээн авдаг байхаар зохицуулалт хийж байна. Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг чангатган, Тавантолгой-Цагаанхад чиглэлд уртын тээвэрт явж байгаа 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явдаг 2,000 жолоочид  шинжилгээ хийж, тээврийн замд явж байх үедээ халдвар авахгүй байх нөхцлийг  цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр бүрдүүлнэ.Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа жолооч, боомтын ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийж,  үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг бэлэн болгосон. Гашуунсухайт боомтод ирэх долоо хоногт дахин нэгийг байрлуулахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын Я.Содбаатар;

Улсын хэмжээнд 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан. Халдвар голомтлон тархаж байгаа Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20,442-т, үүний дотор 5,997 хүнд PCR шинжилгээ хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал.Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад самар түүхээр ууланд гарсан 7,000 гаруй хүний 1,000 гаруй нь тус суманд  ирсэн.  Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд оруулж  орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалтын дор буцаахаар бэлтгэж байна. Улсын онцгой комисс салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа. Мөн Улсын онцгой комиссын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөх багийг байнга ажиллуулахаар боллоо. Дархан-Уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Цаашдаа өрх бүрээс нэг хүнийг хамруулахаар ажиллаж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон.Дархан-Уул аймагт голомт байхгүй ч хөдөлгөөн ихтэй учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан. Орхон аймагт төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоож, 6,000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн.Дорноговь, Говьсүмбэр аймагт хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Автозамын боомтоор өдөрт 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож, байнгын холбоотой ажиллаж байна. Халдвар гарсан газар, байршил, байр, орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэл сайн хийхийг холбогдох газруудад дахин анхааруулсан. Эмнэлгийн хог хаягдал, тэр дундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу устгаж байгаа эсэхэд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хяналт тавьж байна.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ахалсан Ажлын хэсэг эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг шинээр бүрдүүлж байгаа мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж эхэлсэн. Халдварын тархалтын урьдчилсан зураглалаас үзэхэд орон даяар халдвар тархаагүй байх төлөв ажиглагдаж байна. Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байвал  богино хугацаанд  тархалтыг бүрэн хумиж чадна. Аймаг, орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагын дор ажиллах ёстойг дахин анхааруулья. Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэд, оюутнуудын  нэгдсэн бүртгэл, мэдээллийг ойрын өдрүүдэд гарган, PCR шинжилгээнд хамруулсны дараа буцаахаар төлөвлөж байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Ирсэн гэдгээ орон нутгийнхаа холбогдох байгууллагад мэдэгдэж, гэртээ 14 хоног тусгаарлагдана. 

Орчуулах »
error: Content is protected !!