Хэдэн мянган жилийн гайхамшигтай түүх, уламжлалтай Монгол Улсын гадаад бодлогыг зангидаж байдаг уураг тархи нь Гадаад харилцааны яам. Их Монгол Улсын хааны алтан гэрэгэ өвөртөлсөн элч нар дипломат бодлогоороо дэлхийн улс гүрнүүдийг эрхшээн, бодлого юугаараа тэдгээрийг товхинуулж ирсэн нь түүхэн үнэн. Манай үе үеийн элч, төлөөлөгч, дипломатчид Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамжаа болсоор ирсэнтэй хэн ч маргахгүй.
Харамсалтай нь өнөөгийн Гадаад харилцааны яам ураг төрлийн, гэмт хэрэгтнүүд орогнодог, эрх баригч намын боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэгч нэг агентлаг болж, дипломат томилгоо тэр чигтээ булхайтай, улс төрийн карьераа дуусгасан нэгний эцсийн зогсоол, шагнал болоод удав.
Цус ойртож, ажилтнуудынх нь тархины багтаамж шалдаа унасан, идээ бээр бугшсан энэ яаманд салхи оруулахгүй бол Монгол Улсын гадаад бодлого бүрэн алдагдахад хүрлээ. Элчин сайдын нарын томилгоо, хөл хорионы үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шатахууны хомсдол, нүүрсний экспорт, хоёр хөрштэй хийдэг тээврийн саатлаас бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргээс яам, дипломатчид нь ажиллах чадваргүй гэдгээ харууллаа.
Цар тахлын аюул хумигдаагүй ч дэлхийн улс орнууд түүнд зохицсон хариу арга хэмжээ авч амьдралын хэвийн горимд орж, гадаад харилцаа, тээвэр, аялал жуулчлалаа нээгээд байна. Цар тахал зөвхөн Монголынх биш, дэлхий нийтээрээ өртсөн. Гэтэл зөвхөн манай иргэдийг хүлээж авах улс оронгүй боллоо. Хувь, хувьсгалын зардал болоод тэтгэлгээр сурдаг олон зуун оюутан хичээл сургуульдаа явж чадахгүй сууж байна.
Энэ бүхэн Гадаад харилцааны бодлого, үйл ажиллагааны доголдол. Дипломатчдын нэр хүнд дэлхийд төдийгүй иргэдийн дунд навс унаж, элэг доог болсоор удлаа.
Төрийн гадаад бодлогын асуудлыг хувийн болоод намын байр сууринаас ярьдаг хулхи дипломатч олшров. Дипломат үйл ажиллагаа хамгийн түрүүнд дипломат ажилтнуудыг томилохоос эхэлдэг. Энэ тал дээр манай төрийн бодлого ёстой холион бантан.
Ерөнхийлөгчийн тангараг өргөж, сэнтийдээ суусан У.Хүрэлсүх гадаадад эх орноо төлөөлөн суух Элчин сайд нарт жуух бичгийг нь гардуулж, түрүүчээсээ тухайн улс руугаа мордож байна. Олон улсын дипломат бодлого, үйл ажиллагаа, томилогоонд хэдэн зүйлийг жишиг болгон мөрдөж ирсэн байдаг.
Гадаад улсад суух Элчин сайдыг тухайн улс нь хүлээж авах уу, хүлээн зөвшөөрөх үү гэдгийг хамгийн эхэнд авч үздэг юм байна. Харамсалтай нь, энэ тал дээр У.Хүрэлсүх асар том алдаа хийж байгаагаа юман чинээ тоосонгүй.
Жишээ нь, БНХАУ-д суух Элчин сайдаар генерал Т.Бадралыг томилж, жуух бичгийг нь гардуулан өгч явуулаад жил шахам болж байхад БНХАУ-ын дарга Си Зиньпин жуух бичгийг нь өнөө хүртэл хүлээн аваагүй байна. Олон улсын жишгээр бол гадаадын Элчин сайд нар тухайн орондоо ирсэн дарааллаараа жуух бичгээ өргөн барьдаг, цаад улсын Ерөнхийлөгч нь ч тэр дарааллаар хүлээн авдаг аж. Гэтэл БНХАУ-ын дарга манай Элчин сайд, генерал Т.Бадралаас жуух бичгийг нь авсангүй. Тус улсад шинээр томилогдон очсон Ази, Европын олон орны Элчин сайд нар Т.Бадралаас хойно ирсэн ч тэдний жуух бичгийг Хятадын дарга хүлээн аваад байгаа.
Өөрөөр хэлбэл, манай Элчин сайдыг тус улс хүлээн зөвшөөрсөнгүй. Уг нь томилогдон очсон Элчин сайдын жуух бичгийг тухайн улсын Ерөнхийлөгч хүлээн авалгүй гурван сар болоход л нөгөө улс хүнээ эргүүлэн татаж, өөр дипломатчийг томилдог. Томилсон Элчин сайдынх нь жуух бичгийг яагаад хүлээн авахгүй байгаагаа тухайн улс тайлбарлах ч албагүй юм байна. Дипломат ёс ёмбо мэддэг байсан бол Т.Бадрал ч Си Зиньпин дуудахыг нь хүлээн суугаад байх биш, өөрөө хүсэлтээ гаргаад албан тушаалаасаа татгалзах учиртай. Гэтэл мань генерал яс горьдсон нохой шиг суусаар л.
Генерал Т.Бадрал ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа хөрөнгө мөнгө завшсан цөөнгүй асуудалд холбогдож, яллагдагчаар хүртэл татагдаж байсан.
Үүнийг хятадууд дуулаагүй, мэдээгүй байна гэж үгүй. Тэгэхээр “Гэмт хэрэгт холбогдож байсан хүнээ манай улсад суух Элчин сайдаар томилон ирүүлж, бидэнд хүндлэлгүй хандаж байна” хэмээн Хятадын тал үзсэн байх нь.
Тэрчлэн дипломатчдыг томилохдоо насыг нь харгалздаг олон улсын жишиг бий. Энэ жишгээр улс орнууд Элчин сайдаараа 62-65 насны дипломатчдыг томилдог. Ийм насны хүн албан тушаалын зохих шатаар дараалан явж ирсэн байдгаас гадна ажлын ихээхэн туршлагатай болсон гэж үздэг.
Ямар хүнийг Элчин сайдаар томилж байгаагаас нь Монгол Улс манай орныг хэрхэн үзэж, үнэлж байна вэ гэдгийг дүгнэдэг гэсэн үг.
Энэ өдрүүдэд АНУ-аас Европын Холбоонд суух Элчин сайдаар 74 настай дипломатчийг томилохоор Сенатын гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо нь баталж. Гэтэл манайх яав. Хамгийн том гуравдагч хөрш, дэлхийн тэргүүлэгч их гүрэн АНУ-д хэний ч үл таних, төрийн болон дипломат албаны өчүүхэн ч туршлагагүй, аяллын нэвтрүүлгийн хөтлөгч залууг томилон илгээсэн. Түүнийг АНУ-ын эрх баригчид хүн чинээ тоосонгүй. Төрийн болон бусад томоохон арга хэмжээнд огт урилгүй дорд үзэж байна. Манай эрх баригчдын дээр дооргүй магтан дуулж томилсон Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд үүдний жижүүр аятай, хэдэн ажилтнаа нааш цааш явуулсан шиг, үр дүнгийн гэрээ байгуулах төдийхөн ажилтай л арчаагүй царайлж сууна.
Дипломат ёсонд агреман гэх ойлголт бий. Энэ талаар Венийн конвенцод тодорхой заасан байгаа. Аливаа улс нөгөө улсын тодорхой нэг этгээдийг өөрийн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр хүлээн авч буйгаа албан ёсоор зөвшөөрсөн албан бичиг гэж агреманыг ойлгож болно. Агреман асуух болон хариу өгөхдөө албан бичгээр харилцдаг. Зарим оронд амаар асууж, амаар хариу авдаг практик ч бий. Агреман хүлээн авсны дараа тухайн нэр дэвшигч персона грата буюу хүлээн зөвшөөрөгдсөн хүн болдог.
Харин зөвшөөрөөгүй хариу ирүүлбэл персона нон грата буюу тухайн улсад хүсэхгүй хүн болдог юм байна. Тухайн нэр дэвшигчид агреман өгөөгүй орон учир шалтгаанаа тайлбарлах албагүй. Агреман авах гэж ямар нэг лобби хийх нь бүдүүлэг, ичгэвтэр, Венийн конвенцыг зөрчсөн хэрэг болно. Тухайн улс агреманаа ирүүлэлгүй гурван сар болвол тэр улсад суухаар томилогдсон нэр дэвшигчийг хүлээн авахаас татгалзаж байна гэж үзнэ. Ийм тохиолдолд тухайн улс, ГХЯ нэр дэвшигчээ татаж, өөр хүнийг дэвшүүлдэг.
Гэтэл манай улсаас БНФУ, ХБНГУ-д суулгахаар агреман асуусан нэр дэвшигчдийн хариу гурван сар байтугай хүлээгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон хэвлэлийн компанийн эзэн хатагтайгаар ахлуулсан ГХЯ-ныхан олон улсын энэ жишгийг үл тоон хүлээсээр суугаа нь дипломат ёсоо умартсан ичгүүртэй хэрэг болж байна.
Агреман ирүүлсэн ч Итгэмжлэх жуухыг нь хүлээн авахгүй тохиолдол бас бий. Үүний жишээнд БНХАУ-д томилогдон очсон Элчин сайд, генерал Т.Бадралыг харж болно.
Итгэмжлэх жуухыг нь хүлээн авсан ч тоохгүй, амны цаас мэт хаях явдал ч байдаг. Энэ тохиолдол нь АНУ-д суухаар очсон Элчин сайд, аялагч Ө.Батбаярын жишээ. Өмнө бас нэг тохиолдол байсан нь ОХУ-д томилогдсон Элчин сайд гэнэ. ОХУ-д сууж асан түүнийг оросууд зөнд нь орхиж, нөгөөх нь казинод тоглох, тус улсын ГХЯ-ны нэг хэлтсийн даргаас өөр хүнтэй уулзалгүй байсаар хугацаагаа дуусгасан байна. ОХУ-ын Гадаад харилцааны сайд манай казиночин Элчин сайдыг үл тоон, түүнтэй огт тохиролцолгүйгээр Монгол Улсад айлчлах зэргээр дургүйцлээ илэрхийлж байжээ.
Энэ мэтчилэн холыг биш халаасныхаа хэмжээг харж шийдвэр гаргасан эрх баригчдын шийдвэрийн уршгаар дипломат бодлого алдагдаж, ГХЯ идээ бээртээ бариулж дууслаа.
Шинээр томилогдсон Элчин сайд нарын дунд тамхины хэрэгт холбогдож байсан нэгэн ч байгаа нь дэндүү эрээ цээргүй. Казахстан улсад Элчин сайдаар томилогдсон нөхөр урьд нь ийм хэрэгт холбогдож байсан юм байна. За тэгээд цэвэр хятад гаралтай нэгнийг Эрээнд консулаар суулгасан гээд дурьдаад байвал энэ салбарт төрийн хар хайрцагны бодлого алдагдсан олон жишээг дараагийн нийтлэлээр хүргэнэ.
Төгсгөлд сануулахад, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг хууль бусаар 17 тендер явуулахдаа өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн. Ингэхдээ бусдад давуу байдал олгож, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэж буруутган гурван жил гаруйн хугацаанд шалгаж, яллагдагчаар тооцож байв. Харин яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учир ажлаар хөдөө орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийг шүүхэд шилжүүлэх боломж гаргуулахгүй хууль хяналтынхны ажилд саад учруулж байсан юм.
ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН “НАЖ МОГОЙ” ҮНДЭСНИЙ ХОЛБОО