-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод Н.Уртнасан сайдын ТЭРБУМ модны үлгэрт итгэвэл бидний байтугай хоёр, гурван үеийн минь нас хүрэлцэхгүй-
Олон жилийн дийлэнхид эрх барьж, Засаглаж байсан атлаа одоо гэнэтхэн дайны хажуугаар дажин гэгч болж тахалд нэрвэгдсэн ард түмнийхээ зовлонгийн дэргэдүүр нүдээ аньж, чихээ бөглөөд тэрбум мод ярин чичрэх У.Хүрэлсүх нэг л сэжигтэй, хиймэл харагдаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан учир тоймгүй хэвлэлийнхэнд хайртай болж, хэд хоногийн өмнөөс баруун солгойгүй мөнгө тарааж амыг нь хааж эхэлсний учир энэ байх нь.
Эко бүс нутгийн суурь судалгааг уншиж ойлгоогүй энэ сайд эрх баригчдын их идэлтийн бай болсон газарт зориудаар сонгогдон ирсэн “амиа золиослогчдын” нэг аж.
Эрх баригчид идэж ууж, цөлмөхөөр төлөвлөсөн газартаа мэргэжлийн бус, учир зүйгээ үл ойлгох, нам дотроо дэмжлэггүй, өөрсдийн нь тодорхойлдгоор өөрийн толгойгүй, доожоо муутай, сул дорой гэгддэг хэн нэгнийг томилдог гэж байгаа. Тэгэхээр тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр ярин шуугиулж яваа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын хонхойтол цөлмөхөөр сонгосон газар БОАЖ-ын яам бөгөөд өөрийн толгойгүй гэж сонгогдсон нөхөр нь сайд Н.Уртнасан байх нь.
Үнэндээ “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр” гээчээр халхавчлан 4.3 их наядыг зувчуулна гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ…
Учир нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн талбай 1,565,116.0 км2. Үүнээс ердөө 7.9 хувь нь ойн сан бүхий газар. Харин эрхэм Ерөнхийлөгчийн тэрбум модыг тарихын тулд 1750 км2 талбай хэрэгтэй буюу Сингапурын газар нутгийг 3 дахин нийлүүлсэнтэй тэнцэх газрыг ойжуулах болно. Учир нь нэг сөөг тарихад 1м2, нэг мод тарихад 1,75 м2 газар хэрэгтэй. Газар нутаг бүрт мод ургаад байдаггүйг судалгаатай тайлбарлавал Монголд тэрбум мод ургуулах боломжгүй юм. Эко системийн хувьд.
Нөгөө талаасаа нэг мод бүрэн гүйцэд ургатлаа 50-100 жил шаардлагатай. Сайн усалж, тордвол шүү дээ.
Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болоод Н.Уртнасан сайдын ТЭРБУМ модны үлгэрт итгэвэл бидний байтугай хоёр, гурван үеийн минь нас хүрэлцэхгүй.
Ийм тодорхой зүйлд “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр” гээчийг зарлан, үүндээ 4.3 их наяд шаардлагатай гэснийг нь шууд утгаараа энэ төр засгийг зайдагнасан хэдэн нөхөд залилан цөлмөх нь ээ гээд дүгнэчихэд хэтийдсэн болохгүй юм.
Магадгүй, үүрэг зорилгоо умартаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон Хөгжлийн банкны өрийг барагдуулах гэсэн башир арга нь энэ байж мэдэх.
Коронавирусийн халдварын улмаас өдөрт 20 халуун амь тасарч байна.
Энэ байдлаараа байвал өдөрт 20, сард 600, улиралд 1800 гэсээр ганцхан жилийн дотор өмнөх нас барагсадтай нийлээд 10000 шахам хүнээ тахлын улмаас алдах нь. Гэтэл Засаг, төрийн тэргүүд нөхцөл байдлыг үл харгалзан тэрбум мод тарих ажилд 4.3 их наяд зарцуулна хэмээн мэдэгдэх нь ард олноо хэтэрхий басамжлан доромжилсон явдал юм.
20-120 сая мод тарих санаачилга гаргасан хувийн хэвшил, салбар яам нь байсаар байтал Эко системийн хувьд ямар ч боломжгүй үлгэр мэт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг зарцуулахаар болсон нь улсын сан хөмрөгийг олны нүдэн дээр зарлаж байгаад цөлмөх гэж байгаа гэмт үйлдэл гэчихэд хол зөрөхгүй.
Хөгжлийн банк үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ч харсаар байтал жижиглэнгийн “наймаа” эрхлэх болсныг Сангийн сайд Б.Жавхлан хангалттай хэлж байгаа.
Тэр “Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх байтугай Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Товчхондоо Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ” хэмээн наадмын дараахан мэдэгдсэн.
Засгийн газрын түвшинд ч Хөгжлийн банкны өрний асуудал хэдэнтээ орж, татан буугдах тухай яригдаад авсан байдаг.
Тэрбайтугай, Төрийн банкны зарим чиг үүргийг Хөгжлийн банкинд шилжүүлж амь зогоох тухай ч хөшигний ард хэлэлцэгдсэн.
Ядахад яр гэгчээр хөгжлийн бэрхшээлтэй болж, өр ширэндээ баригдсан банкнаасаа удирдлагууд нь аудитын зардал нэрээр 330 сая төгрөг зувчуулсан гэж байгаа.
Ийнхүү зунжингаа цаазын тавцанд байсан Хөгжлийн банк татан буугдахаа больж, харин Экспорт импортын банк болон дүрээ хувиргаад ирэх оны төсвийн төсөлд орж ирсэн. Ингэхдээ хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй, гагцхүү дүрмийг хөндөхөд хангалттай МАН-ын мэргэн буучид үзсэн байгаа юм.
3 их наядын чанаргүй зээлийн зээлдэгчид нь Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд буюу эрх баригчид өөрсдөө гэсэн үг.
Тиймээс эл шархыг “Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөр” гээч үр дүнг нь хэн ч хэдэн үеэрээ тооцож үзэх боломжгүй луйвраар дарж, Хөгжлийн банкны дүрийг өөрчлөн дампууруулах шинэ тоглолт явагдаж эхэлсэн нь тодорхой боллоо.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо