Нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа ажээ. Сайжруулсан түлшний хангамжтай холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Сард дунджаар 50-110 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Иймээс өндөр ачаалалтай саруудын 70 орчим хувийн хэрэгцээг хангахуйц нөөц бүрдүүлсэн гэсэн үг. Сүүлийн үед борлуулалтын цэгийн тоо цөөн байгаатай холбоотой эрэлт нэмэгдэж, хүндрэл гарсан. Тухайлбал өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонн шахмал түлш өдөрт хэрэглэдэг байсан бол одоо дунджаар 3200 тонн хүрч өсжээ. Үүнтэй холбоотойгоор цэгийн тоог 100-аар нэмэгдүүлж байна. Ингэснээр маргаашаас эхлэн 380 цэгээр шахмал түлш борлуулна. Шаардлагатай бол борлуулалтын цэгийн тоог ахиад нэмнэ. Энэ жил бид 600-800 борлуулах цэгийг барихаар ажиллаж байна.Хэрэглээний өсөлтөд үнийн хөнгөлөлт болон цаг агаарын хүйтрэл нөлөөлсөн. Мөн карт давхардаж олгосон айлууд байна. Шахмал түлшний үнийн хөнгөлөлт энэ оны долоодугаар сарын нэгнээс эхэлсэн. Энэ хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл буюу энэ галлагааны улирал дуустал үргэлжлүүлнэ. Иргэд 12 дугаар сарын нэгэнд хөнгөлөлт дуусна гэж бодоод зохиомол хэрэглээ бий болгож байна. Ингэх шаардлагагүй” гэв.