УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төмөр зам дахь нөлөө суларлаа

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг даргагүй хэдэн сар болж байна. ХБНГУ-д эмчлүүлж байсан дарга нь ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, албаа өгснөөс хойш нэг их удалгүй тэнгэрийн орныг зорьсон. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг марафон эрх баригчдын дунд өрнөж байна. Нийгмийн шилжилтийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн гол зүтгүүр, “саалийн үнээ” байсан УБТЗ үе үеийн улстөрчдийн шүлсийг савируулсаар ирсэн.

Тиймээс өөрсдийн төлөөний хүнээ нийгэмлэгийн даргаар тавих гэсэн улстөрчдийн ил, далд тулааны талбар нь төмөр зам болсон.

Л.Пүрэвбаатар, Д.Жигжиднямаа агсан, Г.Сэрээнэндорж нараас өөр хүн үгүй мэт тэднийг л УБТЗ-ын даргаар ээлжлэн томилдог. Олон нийтэд тодорхой болсон нэг асуудал бол даргын суудалд заларсан дээрх хүмүүсийг албан тушаалын болоод хөрөнгө, мөнгө завшсан гэх мэт хэрэг сүүдэр мэт дагаж, зарим нь шүүхийн танхимд яллагдагчаар суусан. Хууль хяналтын байгууллагын хараанд орж, шалгуулж буй нь ч байгаа.

Орон гараад байгаа дээрх суудалд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, Зорчигч тээврийн албаны дарга Б.Даваасүрэн нарыг МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон. Даргад нэр дэвшүүлэхтэй зэрэгцээд тэр суудалд горилогсодтой холбоотой эд хөрөнгө завшсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээлэл цацагдав. Тухайлбал, 200 мянган ам.доллароор үнэлэгдсэн хуучин зүтгүүрийг 800 мянгаар байгууллагадаа шахсан гэх Г.Сэрээнэндоржийн “хэргийг” сөхлөө.

Б.Даваасүрэн ч цэвэр нөхөр биш бололтой. Нийгэмлэгийнхээ зарим орос даргатай нийлж бараа, ажил үйлчилгээ худалдан авахад зарцуулах мөнгөнд гар дүрдэг гэсэн яриа байна. Энэ мэт асуудлыг сонссон ч сонсоогүй дүр эсгэсэн манай улстөрчид тэднийг УБТЗ-ын даргад зүтгүүлэхээр хамтарсан нийгэмлэгийн Оросын талд мэдэгдсэн аж.

А.Гансүхийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан Г.Сэрээнэндоржийг АН-ын угшилтай хэмээдэг. Тэрбээр УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байсан юм. Тэгвэл Б.Даваасүрэнг МАН-ын нөлөө бүхий нэг дарга дэмжиж буй юм байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын удирдлагууд дээрх нэр дэвшигчидтэй цахимаар ярилцжээ.

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга С.А.Павлов Москва хотноо Монгол Улсын Элчин сайд Д.Даваатай саяхан уулзсан байна. Тэрбээр уулзалтынхаа үеэр Монголын талаас УБТЗ-ын даргад нэр дэвшүүлсэн Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн нарыг дэмжихгүй гэдгээ шууд мэдэгджээ. Дэмжихгүй байгаа шалтгаанаа ч ил тод хэлсэн юм билээ. Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн нарыг С.А.Павлов “УИХ-ын гишүүн, “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэн Б.Дэлгэрсайханы төлөөний хүн” гээд “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь УБТЗ-ыг алсаас удирдаж ирсэн. Энэ санаархлаа дахин гүйцэлдүүлэхийг нь бид зөвшөөрөхгүй” гэжээ.

Үүний дараа манай талаас УБТЗ-ын орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг санал болгосон байна. Түүнийг ч оросууд дэмжээгүй аж. Бас нэг нэр дэвшигчийн сураг гараад байгаа нь УБТЗ-ын даргын тээвэр хариуцсан орлогч Ганболд. Энэ нэр дэвшигчтэй холбоотой авлигын асуудлыг шалгаж байгаа тухай мэдээлэл байна. Тэрбээр захиалагч нарт ачааны вагон хуваарилахдаа багагүй мөнгө халаасалдаг байсан гэх. Нэг цуваа вагон олгохдоо захиалагчдаас 60-70 саяыг нэхдэг байсан юм байх. Энэ мэтээр нэр цэвэр бус хүмүүсийг зүтгүүлээд байгаа нь манай улстөрчид.

“Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлыг энэ сарын сүүлчээр Москвад хийхээр төлөвлөөд байна. Энэ хурлаар УБТЗ-ын даргаар хэнийг томилохоо хэлэлцэх аж.

Б.Дэлгэрсайхан УБТЗ-ыг 70 шахам тэрбумын алдагдалд оруулжээ

Оросууд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд яагаад таагүй хандах болов. Энэ асуудал хэний ч сонирхлыг татах нь мэдээж. Бидэнд олдсон мэдээллээр бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын орд газраас “Болд төмөр Ерөө гол” компанийн олборлосон төмрийн хүдрийг УБТЗ тарифын багагүй алдагдалтай тээвэрлэж иржээ. Үүнд Оросын тал ихээхэн дургүйцэж, тарифын алдагдалгүй тээвэрлэхийг манай талаас шаардаж байж.

Тус компанийнханд хэн ийм хөнгөлөлт олгов. Эх сурвалжуудын хэлснээр ийм хөнгөлөлтийг УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаа, Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл нар Б.Дэлгэрсайханд олгосон юм байна. Тэд хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүдийг лоббидож, ийм шийдвэр гаргуулж дөнгөжээ. Сүүлийн 10 жилд манай улс найман сая тонн төмрийн хүдэр экспортлосны 6.8 сая тонныг “Болд төмөр Ерөө гол” компани гаргасан байна.

УБТЗ тус компанийн төмрийн хүдрийг тонн тутамд 1000 төгрөгийн алдагдалтай тээвэрлэж иржээ. Үүнийг сүүлийн 10 жилээр тооцвол УБТЗ 68 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа юм. Дэлхийн зах зээлд, ялангуяа манай гол худалдан авагч урд хөршид төмрийн хүдрийн үнэ сүүлийн жилүүдэд өссөөр байгаа билээ. Тэр хэрээр “Болд төмөр Ерөө гол” компанийн ашиг, орлого өссөн нь мэдээж. Гэтэл УБТЗ алдагдалтай тээвэрлэсээр байгаа нь хачирхалтай. Бид энэ асуудлаар эрэн сурвалжилах болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Наж могой” үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!