Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт залуу нас, эрч хүч, мэдлэг чадвар хөдөлмөр бүтээлээ бүрэн зориулж өдгөө гавьяаныхаа амралтанд суугаа эрхэм хүндэт ахмад, зүтгэлтнүүд та бүхэндээ “Олон улсын Ахмадын өдөр”-ийн мэнд хүргэе. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг Монгол Улсын эдийн засгийн томоохон тулгуур салбар болоход ахмадууд та бүхний оюун санаа, арга туршлага, хүч хөдөлмөр их байсныг онцлоход таатай байна.
Монгол Улс төдийгүй дэлхий нийт “Ковид-19” цар тахлын нөлөөнд орсон хүндхэн цаг үед ажиллаж, амьдарч байна. Бүх салбарт ковидын уршиг нөлөөлж, аж ахуйн нэгж, томоохон компаниуд алдагдал хүлээх нөхцөл үүссэн ч хөдөө аж ахуйн салбар хүнд үеийг тэсвэрлэснээр барахгүй, үр ашгийн өндөр өсөлттэй голлох 4 салбарын нэг байж чадлаа. Энэ нь уул уурхайн орлогоос хамааралтай манай дотоодын эдийн засгийг хамгаалж, бэхжүүлэх чадамжтай салбар гэдгээ батлан харуулсан үзүүлэлт боллоо.
Бид экспортын баримжаатай, бие даасан эдийн засагтай, цахимжсан салбар болох зорилт тавин ажиллаж байна. Ийм боломж, нөөц бидэнд хангалттай бий. Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ч жил ирэх тусам тогтвортой өсөж байна. Цаашдаа махны үйлдвэрүүдийг махаа экспортлоход нь бодлогын дэмжлэг үзүүлнэ. Газар тариалангийн салбарт 100 тэрбум, ноос ноолуур, хаврын түүхий эд бэлтгэгчдэд 200 тэрбум, малчдад 200 тэрбум төгрөгийн зээлийн урсгалыг нээж өгсөн. Малын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үнэ цэнийг нь өсгөх, дэхийн зах зээл дээр сурталчлан таниулахад хувийн хэвшилтэйгээ хамтарна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч, үүний 49.1 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаарч байна. Энэ бол манай салбарыг хүчтэй, боломжтой, нөөцтэйг харуулж буй тоо юм.
Ургацын талбайгаас улсын эдийн засгийг тэтгэдэг болоход, комбайнч, тракторчны кабинаас талх, гурил үйлдвэрлэгч болоход ахмад буурлууд, салбарын эрдэмтэн, судлаач, та бүхний хөдөлмөр, зүтгэл их байсныг дахин онцлохыг хүсэж байна. Улс орон, өрх гэр, үр хүүхдүүдийнхээ аз жаргалын тулгуур болсон ахмад буурлууд минь залгамж, хойч үе бидэндээ туршлага, мэдлэгийн түшиг болж яваарай. Та бүхэн минь эрүүл энх байж, аз жаргалтай амьдрахын ерөөл дэвшүүлье.
Хүндэтгэсэн:
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД З.МЭНДСАЙХАН