Улсын онцгой комисс есдүгээр сарын 27-нд хуралдан Covid-19 халдварын үед хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл ААН байгууллагууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, “Төрийн байгууллагуудын удаа дараа гаргасан удаан хугацааны хөл хорио хязгаарлалтын шийдвэрүүдийг хүндэтгэн ажиллаж ирсэн. Үүнээс хамаарч бидний үйл ажиллагаа хумигдан ашиг олох гэхээс илүү ажилчдаа тодорхой ажилтай, орлоготой байлгахын тулд бүх хүчин чармайлтаар ажиллаж байна. Энэ хүнд нөхцөлд хоёр цагийн борлуулалт гэдэг бидэнд маш том тус дэм болж байдаг.
Ажиллах хугацаа буурлаа гээд зардлууд буурдаггүй, орлого л буурдаг. Урт хугацааны олон удаагийн хязгаарлалтудын дараа компанийн хувьд хуримтлагдсан татварын өр, түрээсийн өр, цалингаа цагт нь олгох гэх асуудлууд хэвээрээ л байна.
Өнгөрсөн хугацаанд олон удаа ажиллах цагийг богиносгосон ч халдварын тохиолдол буураагүй байна гэдэг нь энэ шийдвэр нь зөв шийдэл биш гэдгийг харуулж байна” гэжээ.