Төсвийн мөнгөөр албандаа авсан таван жийпнийхээ хоёрыг нь яасан бэ, Д.Загджав хурандаа!!!

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав АТГ-ын “хяналтад” байдаг юм байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд бус, эрсдэл бүхий нэгэн тул ийн “хянадаг” аж. Ялангуяа ШШГЕГ-ын даргаар томилогдох үед нь түүний хүү Саруул гүйцэтгэх захирлаар нь ажилладаг CHHC гэх компанид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хад хэмээх газарт олгосон 5488 га талбай бүхий хайгуулын лиценз дээрх газрынхны анхаарлыг ихэд татжээ.

Учир нь Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан тул албан тушаалаа ашигласан байж болзошгүй байдал илэрсэн юм билээ.

Бидэнд байгаа мэдээллээр CHHC компани нь Хишиг-Өндөр суманд хайгуулын хоёр ч лиценз эзэмшдэг байж. Нэг лицензийнх нь хугацаа дууссан тул эзэмшлээс нь чөлөөлсөн аж. 2015 оноос хойш Х тайлан гарган өгч байсан тус компанийнхан 2020 онд найман сая шахам төгрөгийн татвар төлсөн гэх мэдээлэл байна. Дээрх сумын Засаг даргын өгүүлснээр нутгийнх нь Хад хэмээх газарт үе үе өрөмдлөг хийдэг боловч ямар ашигт малтмал хайж, үр дүн нь хэрхэн гарсан нь ч тодорхойгүй байдаг ажээ. Монгол Улсын иргэн хэн боловч хуулийн дагуу газар эзэмшиж, хайгуулын болон ашиглалтын гэх мэт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхтэй.

Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх нь зүй. Хуулийн байгууллагын хяналтад нэгэнт орсон тул зүйд үл нийцэх юм байх аваас засаж залруулаад, гэм буруутай бол хариуцлага хүлээлгэх биз ээ.

Үүнээс гадна бас нэг мэдээлэл хууль сахиулагчдын анхааралд ороод байгаа юм байна. Тэр нь Д.Загджав ШШГЕГ-ын даргаар томилогдон ирж, хурандаа болсныхоо дараахан албандаа төсвийн хөрөнгөөр туулц сайтай таван жийп машин авсан аж. Оргодол ялтнуудыг эрэн сурвалжлах, хөдөө орон нутаг дахь анги байгууллагадаа ирж очихоос эхлээд туулц сайтай жийп машинууд тус байгууллагад шаардлагатай байдаг л байх. Гэхдээ “Ниссан патрол-Y-62”, “Лексус-570”, “Ланд круйзер-200”, “Форд эксплорер” гэх мэтийн бензин шатахуун их зарцуулдаг, тансаг зэрэглэлийн жийпүүд ямар хэрэгтэй байсан юм бол.

“Ланд круйзер-200” хөлөглөчихөөд оргодол ялтнуудыг эрэн сурвалжилж явав гэж. Цэргийн зориулалттай, тусгай тоноглол бүхий туулц сайтай машин зөндөө л байна. Үнэ нь ч боломжийн байдаг юм билээ. За яах вэ, энэ бүхэн тус байгууллагын дотоод асуудал гэж бодъё. Хамгийн хачирхалтай нь, албан хэрэгцээндээ авсан тэр таван жийпний хоёр нь буюу “Ниссан патрол Y-62”, “Ланд круйзер-200” маркийн хоёр машин хэрхсэн нь тодорхойгүй болжээ. Лав л ШШГЕГ-ын жолооч, ажилтнууд дээрх хоёр машиныг олж харалгүй удаж байгаагаа хэлж байсан. Тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй хоёрын хоёр жийпийг далд хийчих зүрх зориг, эрх мэдэл тус байгуулагын жирийн нэг алба хаагч, ажилтанд байхгүй нь мэдээж. Ийм эрх мэдэл зөвхөн дарга нарт нь, тус байгууллагыг удирдаж буй хурандаа Д.Загджавт л бий гэдэг нь ойлгомжтой.

Дээрх хоёр жийп хэрхсэн талаар тус байгууллагын нэг ажилтнаас асуухад “Мэдэхгүй ээ, даргын гараар л орсон байх гэж манайхан яриад байх юм” гэв. Дарга гэж юм бэ, танайд олон дарга байдаг шүү дээ гэхэд “Эд хөрөнгө, төсөв захиран зарцуулах эрх нэгдүгээр хүнд л байдаг” гэлээ. Нэгдүгээр хүн гэдэг нь хурандаа Д.Загджав болж таараад байна. Байгууллагынхаа шилэн дансанд хоёрынх нь мөнгөн дүн, мэдээлийг оруулсан тэдгээр таван жийпний хоёр нь хаана байгаа, хэн унаж байгааг та л мэдэх болоод байна даа, Д.Загджав хурандаа. Тансаг зэрэглэлийн тэр хоёр жийпийг яаснаа хэлэхгүй юм уу, Д.Загджав дарга аа. Дээрх машинуудыг та өөрөө худалдан авсан байдаг юм билээ. Шинэвтэр, Монголд оруулж ирээд нэлээд хэдэн жил болсон зарим нэг машиныг нь шинэ машины үнээр авч, төлбөрийг нь хийсэн байдаг гэсэн. Тэгэхээр танай ажилтнууд ч барааг нь олж харахгүй байгаа хоёр жийп машины сургийг та л гаргах болоод байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!