Эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлнэ

2021-09-24
1 min read

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг олон улстай харьцуулсан судалгааны дүгнэлтийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Дэлхийн олон улс коронавирусийн цар тахлын үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох бус, төр засаг, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн хамтын хариуцлагыг сайжруулах замаар халдвар хамгааллын дэглэм сахиулах бодлого баримталж буйг ДЭМБ-ын суурин төлөөлөгч онцлоод, Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцооны эрс шинэчлэл хийсэн нь энэ удаагийн том давалгааг харьцангуй хохирол багатай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

Мөн хөнгөн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлан эмчлэх зохицуулалтыг шуурхай хийж, жигдрүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг болсон тул манай туршлагыг нэвтрүүлж эхэлснээ дуулгаад, гагцхүү одоо гэрийн нас баралтаас сэргийлэхийн тулд тусгаарлан эмчлэн байруудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг ноён Сергей Диордица өгсөн юм.

2 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Хэдийгээр Монгол Улсын хувьд олон улстай харьцуулахад вакцинжуулалтын явц сайн байгаа боловч халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахиж байж энэхүү үр дүнгээ урт хугацаанд хадгална гэдгийг онцолж байв. Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ орлогыг тасалдуулахгүй байх үүднээс халдвар хамгаалын нарийн чанд дэглэмийн дор ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буйг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглээд, ковидын олон төрөлт мутаци бүртгэгдэх болсон энэ цаг үед эмчилгээ оношилгоо, эмнэлзүйн тандалт судалгааны явцыг шинэ шатанд хүргэхээр төлөвлөн ажиллаж буйг дуулгалаа.

Мөн хүн бүрийн оролцоонд тулгуурласан эрсдэлээс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөөг Улсын Онцгой комисс, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.

Орчуулах »
error: Content is protected !!