Нийтийн тээврийн маршрут оновчгүй байдаг гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгджээ.
Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, “Улаанбаатар смарт” компанийн дата мэдээлэл хангалтгүй төдийгүй Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ч энэ талаарх судалгаа муу байна. Иймээс судалгааг ШУТИС, МУИС-ийн хамтарсан баг хийнэ. Нийтийн тээврийн маршрутыг маш оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах ёстой гэдгийг хэллээ. Мөн тэрбээр 540 уулзвараас өндөр ачаалалтай 40 уулзвар бий. Үүнээс зургаан уулзварыг хоёр түвшний болгож, зураг төсөл гаргах ёстой гэв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022, 2023 онд бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Явган болон дугуйн зам маш чухал. Замын байгууламжид эрс шинэчлэл хийх ёстой” хэмээн ярилаа. Хотын дарга Нийслэлийн 2021 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөлд зөвлөлийн гишүүдийн өгсөн саналыг тусган, НИТХ-д хэлэлцүүлэхийг үүрэг болгов.