Та нар чинь ийм арчаагүй хулгайч, луйварчид байсан юм гэж үү! МБХ-ны нэрээр луйвардсан газруудаа буцааж өг Т.Үйтүмэн гавьяат аа!

Монголын Боксын Холбоог тойрсон дуулиан шуугиан Э.Цэндбаатарын шигшээгээс хөөгдсөн, Э.Бадар-Ууганы өмч хөрөнгө луйвардаж өөрийн болгосон хэргээр хязгаарлагдахгүй ээ! Энэ бол тус холбоонд аль эртнээс бугшиж, бугласан идээ бээрийн өнгөн хэсэг.

Монголчууд бид ямар гээч бузрын шуналтай, дийлдэшгүй сувьдаг хүмүүсийг тахин шүтэж, хайрлан хүндэтгэж, өмгөөлөн хамгаалж явдгаа, тэд хариуд нь та бидний өмнөөс хэрхэн “салаавч” үзүүлж, “нулимж” ирснийг нотлох олон факт, баримтуудыг хараад ой гутаж, жигшил хорсол төрж байна.

Алдар цол, өндөр цалин хангамжиндаа үл цадах хомхой луйварчин алдартнуудын эгнээнд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Боксын холбооны шүүгч, Монгол Улсын гавьяат Ц.Нандигжав нар нэрлэгдэж байна. Т. Үйтүмэнгийн гэмгүй, задгай яриа, цагаан цайлган инээмсэглэлийнх нь цаана жинхэнэ бэрдийн үнэн төрх нуугдаж байсныг бид мэддэггүй байжээ. Тэр хоёртой холбоотой луйвар, залилангийн хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн байдаг юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдоод байна вэ?

Хэдэн жилийн өмнө Монголын Боксын Холбоо нэрээ гэнэт өөрчилж ,учир нь үл олдох Монголын Олимпийн боксын Холбоо хэмээх нэртэй болсныг спорт сонирхогч бүхэн тод санаж буй байх. Тухайн үед яагаад ийм нэртэй болж байгааг гайхаад өнгөрсөн болохоос бус тодруулж лавлахыг хэн ч оролдоогүй өнгөрч. Гэтэл ингэж нэр өөрчилсний цаана томоохон луйвар, залилангийн хэрэг өрнөсөн байдаг.

Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу тус холбооны ерөнхийлөгч байх үеэс Монголын Боксын Холбооны нэр барьж, газрын наймаанд хэсэг нөхөд жинхэнэ гаршиж эхэлсэн нь дээрх гавьяатууд байсан гэхэд үнэхээр итгэмээргүй .

Энэ хоёр “гайтай” гавьяатаасаа суралцан, туршлагажиж “тогоо” руугаа өнгийн өнгөтэй, өөдтэй болгоныг нь боксын үе үеийн алдартнууд хумсалж, хулгайлж ирснийг өнөөдөр Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы жишээн дээрээс монголчууд харж байна.

Монголын боксын тод оддын нэг Т.Үйтүмэн гавьяат 2000 онд зодог тайлснаа мэдэгдэн улмаар Монголын Боксын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 2010 хүртэл ажилласан байдаг юм. Тэрбээр энэ хугацаанд холбооны нэрийг дээрхээр сольсон гол хүний нэг байсан юм билээ. Яагаад нэр солих болсны учрыг дор өгүүлэх болно. Монголын боксын спортын зүтгэлтэн болсноор олон сайн үйлийг хийсэн хэдий ч, Үүеэ гавьяат маань үе, үеийнхнийг гомдоож, итгэлийг нь бөхөөсөн, боксын спортынхны эрх ашгийг хөндсөн хэд хэдэн луйврыг зохион байгуулсан гэдэгт нь ил болоод байна. Цагаан цаасан дээр хараар дурайх нотлох бичиг, баримтуудыг үгүйсгэж хэн чадах билээ.

Үүеэ гавьяат МБХ-ны “гал тогоо”-г хариуцдаг болмогцоо МБХ-ны Шүүгчдийн Зөвлөлийн дарга асан Ц.Нандигжавтай хамтран МБХ-г өөрийн гэсэн ордонтой болгохоор хөөцөлдөж эхэлсэнд маш олон хүн баярлан дэмжиж,итгэл үзүүлсэн гэдэг. Гэвч нааштай байсан сураг бүдгэрсээр боксчид өнөөг хүртэл ордон ч үгүй хоцорчээ. Холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар таван жил ажилласан гавьяат маань ч ажлаа өгөөд арилж өгч. Ард нь юу болоод өнгөрөв өө?

МБХ нь Монголын Олимпын Боксын Холбоо гэж нэрлэгдэх болсон цагаас энд хамт олон, багаа гэх сэтгэл зүтгэлээс илүү хувь нэгний “гоцлон тоглолт” ноёрхож, боксын нэр хүндийг ганц нэгхэн хүн эрх ашгийнхаа төлөө ашигладаг болсон юм байна.

2012 онд Монголын Олимпын Боксын Холбооны удирдлага шинэчлэгдэж,улмаар холбооны нэрээ хуучнаар нь МБХ хэмээн нэрлэх болсон бөлгөө. Энэ холбоо өмнөх бохир, заваан болгоноос ангижран, эрүүл тогтолцоог Монголын боксын спортод нутагшуулахыг зорьсон байдаг. Тэд жүдогийнхон өөрийн гэсэн ОРДОН-той болохоор томоохон төсөл эхлүүлчихээд байгаатай зэрэгцээд Т.Үйтүмэн, Ц.Нандигжав нарын үед яригдаж байсан ОРДОН-гоо сураглан хөөцөлдөж, барьж байгуулах газар талбайн асуудлыг шийдэж өгөөч хэмээн Нийслэлийн газрын албанд хандсан юм билээ. Эндээс л хамаг нууц илэрчээ. Нийслэлийн удирдлага Монголын Боксын Холбооны нэр дээр хоёр ч удаа газар өгсөн байж. Эхлээд 2003 онд Монголын боксын Ордонг барих нэрээр хотын хамгийн үнэтэй “А”зэрэглэлийн бүсэд авсан газрыг нэгэн үе Боксын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Сайхансамбуу хувьдаа завшиж, зугаа цэнгээний “SS club”, “SS хотхон”-оо байгуулчихаж. Энэ бол тэдний эхний луйвар нь.

Нэгэнт холбооныхоо нэр дээр олгогдсон газраа хоорондоо хуйвалдаад “эд бад” хийсэн учир 2008 онд хоёр дахь удаад газар гуйж орохын тулд Үүеэ гавьяат тэргүүтнүүд бяцхан заль гарган холбооныхоо нэрийг өөрчлөн, Монголын Олимпын Боксын Холбоо болгоод эл нэр дээр нийслэлийн тухайн үеийн удирдлага болох Т.Билэгт, Г.Мөнхбаяр нараар захирамж гаргуулан дахин газар авч чадсан байдаг.

2008 оны есдүгээр сарын 17-ны өдөр Т.Билэгтийн захирамж гарч, Нийслэлийн ИХ-ын дарга байсан Ц.Сандуйгийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн нутагт 3677 ам.метр талбайг Монголын Олимпын Боксын Холбоонд эзэмшүүлсэн авч Т.Үйтүмэн гавьяат дур мэдэн 2010 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр шийдвэр гаргаж, уг газрыг ямар ч үнэ өртөггүйгээр МОБХ-ны Шүүгчдын зөвлөлийн дарга Ц.Нандигжавын хувийн “Дэлпил” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн байдаг.

Харин Ц.Нандигжав нь ( Т. Үйтүмэнтэй хамтарч) уг газрыг 2012 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр маш өндөр үнэ ханшаар “Шинэ монгол хаад”ХХК-д зарчихсан ажээ.

Тэр хоёр бусдад найр тавин Боксын холбооны өмч болох газруудыг ийнхүү наймаалцахдаа бүхий л бичиг, баримтууд дээр ямар ч үнэ төлбөргүй шилжүүлэв гэсэн байдаг. МОБХ тэгэхээр тэр үед 3677 ам. метр талбайг бусдад бэлэглэх болтлоо бэлтэй болсон байв уу? Т.Үйтүмэн нарт болон Монголын боксын холбоонд ОРДОН хэрэггүй байсан юм бол яах гэж газар гуйсан байх вэ?

Мэдээж энэ бол хэн ч сэжиглэн хардахаар үйл ажиллагаа болжээ. Тэгээд ч энэ асуудал сөхөгдөн шалгагдаж эхэлснээр Т.Үйтүмэн, Ц.Нандигжав нар “Шинэ монгол хаад” ХХК-д тухайн үеийн ханшаар 120 мянган доллар, 80 сая төгрөг болон бас бус биет эд хөрөнгө оролцуулан МБХ-ны газрыг зарсан болох нь илэрсэн юм байна. Хамгийн хачирхалтай нь эл наймаанаас орсон гэх сохор зоос ч Монголын боксын холбооны санхүүгийн данс, тайлан тооцоонд тусгагдаагүй байдаг. Тамирчид тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байна, мөнгө санхүү дутаж байна гэсэн гомдол спортынхноос бараг салдаггүй. Тэр тусмаа боксынхон ямагт гомдоллодог. Үүеэ гавьяат энэ талаар телевизийн дэлгэц, сонины нүүр алгасалгүй шахам байнга ярьдаг хүний нэг байсныг монголчууд андахгүй. Тэрбээр энэ муу шар нүүрний буян барагдах болоогүй бололтой, холбоондоо хэдэн төгрөг яаж ийж олж өгөөд байдаг хэмээн ярьдаг байсан. Ард түмэн Үүеэд итгэн, түүнийг хичнээн хайрладаг байлаа. Гэвч гавьяат маань боксын спорт, боксынхоо хамт олны төлөө бус зөвхөн өөрийнхөө төлөө л явж байсан нь харамсалтай.

Ц.Нандигжав, Т.Үйтүмэн хоёрын луйврын хэрэг үүгээр дууссангүй. Баянзүрх дүүрэгт олгогдсон 3677 ам. метр газраа амжилттай борлуулсандаа амтшсан мань хоёр 2010 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөр огноолсон Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаярын захирамж гаргуулан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн хүүхэд залууст зориулсан боксын спортын иж бүрэн ЦОГЦОЛБОР барих зориулалтаар Монголын Олимпийн Боксын Холбооны нэр дээр 30000 ам.м талбай бүхий газрыг бас дахин авсан байдаг. Мангар том талбай юм шүү.

Гэвч Т.Үйтүмэн гавьяат эл газрыг эзэмших эрхийг өөрийнхөө хувийн “Апперкот”ТББ-ынхаа нэр дээр бас л шилжүүлсэн байдгийг хэрэг мөрдөх шатанд шалгаж эхэлсэн байна. Тэрчлэн МБХ-нд данстай зарим эд хөрөнгө, спортын тоноглол, төхөөрөмж сураггүй болсонтой ч хоёр гавьяат холбогдож байгаа сураг дуулдаад эхэлжээ. Энэ хэргийг мөрдөн шалгаж байсан ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар Т.Үйтүмэн нараас “хувь” хүртчихээгүй л бол хэргийг хэрхэн шийдсэнээ Монголын ард түмэнд өнөөдөр шударгаар тайлагнах ёстой билээ. Боксчид оо! та нар чинь ийм арчаагүй хулгайч, луйварчид байсан юм гэж үү! Энэ хэрэг хэрхэн шийдэгдснийг эргэн бичиж болно оо!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!