Хөдөө аж ахуйн салбарын гадаад худалдааг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов

2021-09-16
1 min read

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр яамны удирдлагуудын ажил хэрэгч уулзалт өчигдөр (2021.09.15) болжээ.  Уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах, гадаад харилцааг нь хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.

Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг. Хамгийн их бүтээн байгуулалттай, улсынхаа эдийн засгийг солонгоруулахад хамгийн чухал үүрэгтэй салбар учраас Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллах нь чухал юм.

Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд импортлогч орны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих; гурил үйлдвэрлэгч нарт экспортын гарцыг нээж өгөх; олон улсын шаардлага хангасан, экспортын чиг баримжаатай махны 4 үйлдвэрийн менежментийг зөв зохион байгуулах; арьс ширний боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлахад тус яамтай хамтран ажиллах шаардлагатай байгааг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх дэвшүүлсэн саналуудыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд анхны уулзалт гэхэд ажил хэрэгч, үр дүнтэй болсныг онцоллоо. Мөн хоёр яамны төлөөлөл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцан, гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцов гэж Хүнс хөдөө аж ахуйн яам мэдээлэв.

Орчуулах »
error: Content is protected !!