“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлагын туршилтын хувилбарыг гаргалаа

2021-09-15
1 min read

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан айл өрхүүдэд зориулсан “Манай хороонд тавтай морил” гарын авлагын туршилтын хувилбарыг бэлтгэн гаргалаа. Энэхүү гарын авлага нь гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлыг өрхийн түвшинд хэрхэн шийдэж болох энгийн зөвлөмж, мэдээллийг багтаасан сэтгүүл бөгөөд нөгөө талаас ХОРОО, СӨХ, ӨРХ гурвын үүрэг, амлалтуудыг энгийнээр тодорхойлж оруулсан харилцан ойлголцлын санамж бичиг болох юм.

Тухайлбал, тухайн хороонд ямар нэг иргэн шилжиж ирэхэд хорооны зүгээс энэхүү гарын авлагад бичигдсэн талуудын үүрэг, амлалт, амьдарч буй байр, орчиндоо хэрхэн, ямар дүрэм, журмыг мөрдлөг болгох талаар танилцуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар гарын авлагыг иргэнд хүлээлгэн өгөх юм.

“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлага нь

  • Тухайн дүүрэг, хорооны статистик мэдээлэл, байр зүйн зураг,
  • Хог хаягдлаа хэрхэн ангилж хаях,
  • Гэр, хашаагаа хэрхэн тохижуулах, нүхэн жорлонгийн шийдэл, стандарт,
  • Сайжруулсан шахмал түлшний зохистой хэрэглээ,
  • Дулаан, цахилгааны үнэ,
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын анхны түргэн тусламжийг хэрхэн авах,
  • Төрөөс иргэдэд цахимаар үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар зэрэг олон хэрэгцээтэй мэдээллийг нэг дор энгийн үг, зурагт тайлбартайгаар оруулсан юм.

Энэхүү гарын авлагыг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн боловсруулан эмхэтгэж, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-өөс дэмжлэг үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, Чингэлтэй дүүргийн 7,12 дугаар хорооны иргэдэд туршилтаар тарааж ашиглахаар 2000 ширхгийг хэвлүүлээд байна.

Цаашид гарын авлагыг сайжруулж, мэдээллийг баяжуулан нийслэлийн бүх хорооны иргэдэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэж, өрх бүрийн ширээний сэтгүүл болгохоор зорьж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Орчуулах »
error: Content is protected !!