Л.Энх-Амгалан сайдын эхнэрийн компаниуд Эрүүл мэндийн салбарт “сига”-ддаг уу?!

Эрүүл мэндийн салбарынхан дунд “тендэрийн мангас” гэгддэг “Медимпекс интернэйшнл” ХХК Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн халаасны компаниудын нэг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлэхдээ Л.Энх-Амгаланд Эрүүл мэндийн сайдын суудлыг санал болгосон ч ашиг сонирхлын зөрчилтэй тул томилгооны дараахь элдэв асуудлаас эмээн Боловсролын салбарыг хариуцуулсан гэдэг.

Гэхдээ Л.Энх-Амгалан сайдтай боловсролын салбар ч харш юм. Сайдын үүсгэн байгуулсан гэгддэг, ойрын нь хүн болох Ж.Баттөгс захиралтай “Интерпресс” компани нэгэн үе сурах бичгийн тендэрийн “чөтгөр” нь байв. Жишээ татахад, 2018 онд 4 удаа тендэрт шалгарч 192.3 сая төгрөгийн ажил дангаар аваад дампууран алга болсон байдаг.

МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Соёмбо принтинг” ХХК 2017-2020 онд сурах бичгийн тендэрт 34 удаа шалгарч, 3.6 тэрбум төгрөгийн ажил авсан гэдгийн дэргэд бага тоо л доо.

Тийм байлаа гэвч сурах бичгийн тендэрээс халаас хоосонгүй суудаг байсан нөхөр Боловсролын салбарт тамга тэврээд гүйж байгаа нь эрх баригч нам энэ улсад хэтэрхий даам гарчихсан яваагийн илрэл юм.

Дээр хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарт илүүтэй зөрчилдөнө гэсний шалтгаан нь 2007.10.18-нд үүсгэн байгуулагдсан “Медимпекс интернэйшнл” ХХК Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн нэр дээр бүртгэлтэй байв. Үйл ажиллагааны чиглэл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн  оношлуур оруулж ирэх.

Сайдын эхнэр хуульч мэргэжилтэй нэгэн бөгөөд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө буюу 2011.12.22-нд “Медимпекс интернэйшнл” ХХК-иа дүү Отгонтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ингэлээ гээд эл компани сайдын гэр бүлээс салаад явчихаагүй юм.

Учир нь тус компанийн хувьцаа эзэмшигч нь Интергрупп Интернэйшнл гэж компани бий бөгөөд үүний захирлаар нь Л.Энх-Амгалан сайдын эхнэр Машбатын Сэржмядаг ажилладаг. Хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” гэсэн олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтын үр дүнг нягтлахаар 2015 онд УИХ-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллах үед АТГ-аас Л.Энх-Амгалан нь “Интер групп интернэйшнл”, “Интер групп Монгол”, “Эм Си Эс” ХХК, “Монголын майнинг корпораци”-д хувь эзэмшдэг талаар ч тодорхойлсон байдаг.

Тэрчлэн Интергрупп Интернэйшнл компани саяхныг болтол “Ард даатгал” ХХК-д хөрөнгө оруулсан томоохон хувьцаа эзэмшигч байсныг уншигчид мэдэх биз.

Үүнээс анхааран зогтусч, ухаж төнхмөөр мэдээлэл нь Сайдын эхнэрийн дүү Отгонтуяа нь иргэн хүсвэл овог, нэрээ нэг удаа өөрчилж болох зүйл заалтын дагуу овгоо Түдэв болгон сольж, харь элгийн хүмүүс шиг албан бичиг хөтлөх болсон гэлцэж байна.

Яагаад, яах гэж…

Компанийн эзэмшигч цаасан дээр өөрчлөгдсөн цагаас эхлэн үйл ажиллагаа нь өргөжин эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж бодис ханган нийлүүлэх, худалдахаас гадна эмнэлгийн төхөөрөмжийн засвар үйлчилгээ үзүүлдэг болон гайхалтайгаар томорсон.

Тэрбайтугай өнгөрөгч зургаадугаар сард үйл ажиллагааныхаа чиглэлд байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил хэмээн нэмж оруулсан байна.

Арга ч үгүй биз!!!

Эрхэм Л.Энх-Амгалан байнгын ажиллагаатай парламентын босго алхсанаас хойш түүний хамаарал бүхий компаниуд тендэрээс хойш сууж байсан удаагүй. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, /Булган, Булган сум/-ын тендэр, Индукцийн хоолойтой плазмын спектрометр, Атом шингээлтийн спектрометрийн тендэр, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, оношлуур гээд оролцоогүй, авч чадаагүй бүтэлгүйтсэн тендэр бараг л үгүй.

Хамгийн сүүлд буюу өнгөрөгч долдугаар сарын 9-нд гэхэд “Мед Импекс Интернэшнл” ХХК-иараа Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат оруулж ирнэ гэж 18.480.000.00 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг.  

Тэрчлэн ХДХВ болон ДОХ-ын оношлуурыг оруулж ирдэг тус компаниуд Ковидын шүлсний тестийг оруулж ирсэн гэж байгаа.

Энэ талаарх баримтат мэдээллийг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!