Дахиад л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд, дарга нартай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн ээлжит нэгэн баримтыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Танаа дэлгэе!
ХНХЯ-нд гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тус бүр нь 1 сая ам. долларын санхүүжилттэй 12 төслийг 2020-2021 онд хэрэгжүүлсэн байдгийг бид өмнөх цуврал нийтлэлдээ дурьдаж хөндсөн. Энэ 12 төслөөс 8 төслийнх нь гүйцэтгэл, үр дүнгийн талаар ямар нэгэн мэдээ, мэдээллийг тус яам тайлан болон шилэн дансандаа огт тусгаагүй нь сэжигтэй бөгөөд, өөрөөр хэлбэл ард иргэд, нийгэмд ил тод байлгах учиртай хуулийг зөрчин яагаад нууцлав гэдгийг эрэн сурвалжилж эхнээс нь илчилж бичиж эхэлсэн билээ.
Тус яамныхан Японы Засгийн газрын буцалтгүй тусламж болох 1.2 сая ам.долларын санхүүжилттэй “Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн ядуурлыг тэгш байдлын өгөгдөл ашиглан судлах нь” нэртэй төслийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрснийгээ хэнд ч мэдэгдэлгүй, тайлагналгүй “залгичихсан” шигээ бас нэгэн төслийг А.Ариунзаяа сайд өөрөө шууд биечлэн хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд “алга” болгочихсон байх нь хачирхалтай санагдаж байна.
Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр ХНХЯ-наас “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” нэртэй төсөл хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр болж АХБ-наас 25 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг олгосон байдаг.
Монголын хөгжлийн нэн тэргүүний шаардлага болсон хөдөө, аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалт зохион байгуулах, энэхүү сургалтыг явуулах үндсэн баазыг бий болгох, тогтолцоог бүрдүүлэх нь төслийн гол зорилго гэж тодотгосноос харахад төслийн ач холбогдол бол асар их байж.
Гэвч энэ төсөл хэрэгжсэн эсэх өнөөг хүртэл тодорхой бус явж иржээ. Зорилтот салбарууд дээр нь энэ 5 жилийн хугацаанд ямар ч ахиц гарсангүй. Тухайн үед төслийн хэрэгжих хугацаанд Монголын мэргэжлийн боловсролын салбарыг дэлхийн жишигт хүргэсэн байх болно хэмээн тэр үеийн сайдынх нь амлаж байсан бичлэг нь байна. Тэгээд энэ салбар дэлхийн жишигт хүрсэн нь хаана байна. Энд асар их мөнгө цутгасан. Тэр мэргэжлийн боловсрол, сургалтын суурь бааз, тогтолцоо ч бахь байдгаараа. Мэргэжилтэй ажиллах хүчин барилга, зам тээвэр, хөдөө, аж ахуйн салбар дутагдаж, ангаж цангаж, хатаж байна.
Тэгэхээр төсөл ямар ч үр дүнгүй болсон гэсэн үг мөн үү, А.Ариунзаяа сайд аа!
Магадгүй Та энэ төсөл надад хамаагүй өмнөх сайд нартай холбоотой гэсэн улигт тайлбараа өгөх гэж байна уу? Тэгвэл яг Танд хамаатай баримтыг нь сугалж онцлоё л доо Сайд аа!
“Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн хаалтын жилийн хүрээнд танай яаманд 2020-2021 онд 1 сая ам.долларын санхүүжилттэй ажил үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх юм. Энэ төслийн гүйцэтгэлийн талаар нэг үг, өгүүлбэр ч танай яамны тайлан, шилэн дансанд өмнөх төслүүдийн адил алга.
Бидний өмнө дэлгэсэн баримт, материалын мөрөөр танай яамны Төрийн нарийн бичгийн дарга тань шилэн дансанд шивэлт хийж тайлан оруулдаг ажилтнаа буруутган халсан тухайгаа мэдэгдсэн. Одоо энэ удаа хэн гээч ажилтнаа золигт гарах төлөвлөгөөтэй байгаа вэ!
Гаднын хамтрагч, төслийг санхүүжүүлэгч байгууллагууд чинь бүх материалаа ил тод, шударгаар дэлгэж, гүйцэтгэл, үр дүнгээ тов тодорхой зарлан мэдээлдэг гэдгийг Та мэддэггүй хэрэг үү?
Эрхэм сайд Таны болон танай удирдлагын багын туйлын хариуцлагагүй, туйлын ойлгомжгүй, сэжиг бүхий үйлдлүүдийн цаана ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг ийм гоё нэртэй төсөл, төлөвлөгөөний нэрэн дор цадаж ханах сэтгэлгүйгээр ул мөргүй ”залгичихдаг” схем оршин байгаа юм биш биз дээ!
Төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хамгийн үр дүнтэйгээр зарцуулсан байх, тэгээд мэдэхийг хүссэн хэнд ч тэр бүхэн тодорхой байх ёстой юм биш үү!
Нам даган далдагнаж, хэн нэгэн эрх мэдэлтний цүнхийг барьж, гутлыг тослон, хүүхдүүдийг нь цэцэрлэг, сургуулиад нь хүргэж авч, нааш цааш зөөхөөс өөрөөр нэг өдөр ч улс нийгэмд ажиллаж үзээгүй хэрнээ, төд удалгүй төрийн чухал хариуцлагатай албанд оччихдог залуучууд өнөөдөр төрийн дархлааг хэрхэн унагааж байгаа билээ дээ.
Тэдний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад бүгд л Танай яамны тайлан, шилэн данс шиг туйлын ойлгомжгүй, бүдэг бадаг, басхүү сэжиг төрүүлэм байдаг шүү дээ. Аль нэг яам, тамгын газар тань шиг түр зуур Сайд, Төрийн нарийн, газар, хэлтсийн даргын суудлаар “шагнагдаж” очсон нөхөд тэрбум тэрбумын хөрөнгө, орлоготойгоо бичсэн байдаг юм билээ.
Арга зам, хөрөнгөждөг нууц нь энэ их мөнгөн дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг залгичихдагт байдаг юм биш биз.
А.Ариунзаяа сайд Та хийгээд танай Төрийн нарийн бичгийн даргаас өөр энэ төслүүд хэрхсэнийг мэдэх, тайлбарлах хүн үгүй шүү дээ. Тиймээс та яг одоо тайлбарлах хэрэгтэй болж байна.
Үүний өмнө Та авлига авч албан үүргээ буруугаар ашиглаж, иргэдийг хохироосон Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарт хатуу хариуцлага тооцож, хариу мэдэгдэнэ гээд сураггүй алга болсон. Тэр хариугаа ч хамтад нь өгөхийг танаас шаардаж байна. “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дэмжих “ төслийн тайлангаа, шилэн данстайгаа дэлгээч САЙД АА!
Жич: Дээр дурьдсан төслийн ажил, үйлчилгээний төлөвлөгөө, тус бүр нь 25 мянгаас 100 мянган ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт, зөвлөх үйлчилгээ бүрийн задаргааны жагсаалтыг хавсаргав.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “Наж могой” үндэсний холбоо