ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ.
Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна.
Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа.
Энэ жил 20 орчим мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Төв суурин газрын хүн амын дотоодын махны нөөцийг бэлтгэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 20 орчим мянган тонн мах бэлтгэх зорилт тавьж зохион байгуулалтын арга хэмжээ аваад явж байна. Энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Зээлийн хүү нь жилийн 3 хувь бөгөөд 7.65 хувийн хүүгийн зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэхээр болсон. Махны нөөц бэлтгэх 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, арилжааны банкинд судалгаа нь хийгдээд явж байна.
Техник тоног төхөөрөмж, агуулах савны бэлтгэлийг бүрэн хангалаа
Ургацаа бүрэн авахад хүн, хүч, техникийн бэлтгэл чухал. Засгийн газраас энэ жилийн ургац хураалтад бүх нийтээрээ оролцох боломжийг олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 1600 орчим цэрэг, 113 оюутан, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн 1200 орчим иргэн гэрээ байгуулан намрын ургац хураалтад оролцож байна. Өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан газар тариалангийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн үр дүнд нийтдээ энэ жил хувийн хэвшлүүдээр дамжуулан 50 орчим комбайн нийлүүлэгдсэн байна. Намрын ургацаа авахад комбайн болон техникийн хувьд хангалттай бэлэн байдлыг хангасан. Мөн үр тариа хүлээн авахад шаардлагатай элеватор савнуудын бэлтгэлийг бүрэн хангасан болохыг сайд З.Мэндсайхан хэллээ.