ОХУ-д шатахууны үнэ буурчээ

2021-09-09
1 min read

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ныг хүртэлх долоо хоногт ОХУ-д шатахууны жижиглэнгийн дундаж үнэ жилийн хугацаанд анх удаа буурсныг Росстат буюу Улсын статистикийн газрын мэдээлэл харуулжээ.

Бензиний үнэ дунджаар даруй 15 копейкоор буурч, нэг литр нь 48.93 рубль, дизель түлш долоон копейкоор буурч, нэг литр нь 50.62 рубль болсон байна.

Тодруулбал, АИ-92 бензины үнэ 17 копейкоор буурч, 45.99 рубль, АИ-95 16 копейкоор буурч, 49.82 рубль, АИ-98 найман копейкоор буурч, литр тутамд 57.57 рубль болжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирсаар байв. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд бирж дээрх арилжааны хэмжээ нь Монополийн эсрэг алба болон Эрчим хүчний яамны хэмжээнээс нэлээд давсан байна.

“Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан. Шатахууны үйлдвэрлэлийг мөн өндөр түвшинд байлгасан” гэж Оросын Эрчим хүчний яам мэдээлэв.

Цаашид жижиглэнгийн үнэ инфляцын түвшинтэй ойролцоо хэмжээгээр өөрчлөгдөнө гэж тус яам мэдэгджээ.

ОХУ-д шатахууны үнэ хамгийн сүүлд өнгөрсөн онд буурсан бөгөөд есдүгээр сарын 7-14-ний хооронд бензин, есдүгээр сарын 14-21 -ний хооронд дизель түлшний үнэ буурсан байна. Тухайн үед бензин нэг копейкоор хямдарч, нэг литр нь 45.74 рубль болж байсан бол дизель түлш 48.02 рубль болж, хоёр копейкоор буурч байжээ.

Жилийн хугацаанд бензин 3.19 рублиэр буюу 7 орчим хувиар, дизель түлш 2.6 рубль буюу 5.4 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!