Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан “Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил” төслийн хүрээнд нийслэл орон нутгийн есөн хоршоонд 810 сая төгрөгийн зээл олгож, гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан болон Монгол улсын засгийн газар хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 810 сая төгрөгийг хоршоодод олгох шийдвэр гарсан.
Орон нутгийн хөгжилд хамгийн гол үүрэг гүйцэтгэх, хөгжүүлэх бүтэц бол хоршоо юм. Тиймээс 2021 оны тавдугаар сард хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд олон зарчмын шинэчлэлттэй өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал,
- Хоршоог дэмждэг болно. Ингэхдээ сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгож өөрчлөн байгуулаад хоршоонд хамгийн түрүүнд зээл олгодог байх
- ЖДҮ-ээс хоршоодод зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргах, цаашлаад улсын төсвөөс орон нутагт байгаа иргэд малчид, тариаланчид хоршоогоор дамжуулан түүхий эдээ үндэсний үйлдвэрлэгчдэдээ болон гадны зах зээл рүү гаргадаг болох бүтцийг хийхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Мөн энэ хүрээнд хоршоодод зээл олгох арга хэмжээ болж байна.
Хоршоо дээд тал нь 2,5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Бид өнөөдөр 810 сая төгрөгийн зээлийг есөн хоршоонд олгож, гэрээ байгуулж байна” гэлээ.
Мөн цар тахлын үед шинээр батлагдсан хууль эрх зүйн орчноо сурталчлан таниулах үйл ажиллагаа хийж чадахгүй, хүлээлтийн байдалтай байсан. Энэ арга хэмжээг давхар хийж байгаа аж.
Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа “Энэ бол хамгийн анхны ЖДҮ-ийн сангаас хоршоодод олгож байгаа зээл. Жилийн таван хувийн хүүтэй. Өмнө нь гурван хувийн хүүтэй зээл гарсан учраас таван хувийн хүү өндөр мэт сонсогдож магадгүй. Гэхдээ таван жилийн хугацаатай буюу урт хугацаандаа хоршоодыг дэмжиж байгаа учраас хөдөө орон нутгийн эдийн засгийг сайжруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.
Цар тахлын улмаас сум, орон нутагт хатуу хөл хорио тогтоож байгаа учраас хөдөө үйл ажиллагаа явуулдаг хоршоодод янз бүрийн бэрхшээл тохиолдож байна. Тухайлбал, хаврын улиралд хөдөө орон нутаг руу ноос ноолуураа тээвэрлэхэд тээврийн үнэ хөлс өндөр болсон. Мөн хоршоод ургац хураахад улирлын чанартай ажилчдыг олноор авч ажиллуулдаг. Гэтэл цар тахалтай холбоотойгоор улирлын чанартайгаар газар тариаланд ажиллах хүн ховордсон” хэмээв.
Энэхүү төслөөс хамгийн их буюу 126 сая төгрөгийн зээлийг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хөв дэлгэр” хоршоо авсан байна. Тус хоршооны тэргүүн Ч.Мөнхдалай “Манай хоршоо сумандаа найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Мөн малчидтайгаа хамтраад түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг. 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү зээлд бид хөргүүртэй махны машин авах төслөөр оролцсон. Улмаар 126 сая төгрөгийн зээл авахаар болж, гарын үсэг зурлаа. Олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан учраас зээл авахад илүү хялбар байлаа” гэв.