ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын даргын албан даалгавар

2021-09-08
2 мин уншина

Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад: 
 
1. Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулахад анхаарах,
 
2. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг  шуурхай хэрэгжүүлэх,
 
 3. Засгийн газрын 2021 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,
 
4. Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг Ковид-19 вакцины гурав дахь тунд эхний ээлжид хамруулах,  тэдгээрт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
 
5. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын  арга хэмжээ авч ажиллах,
 
6. Үргэлжилсэн бороо орж үер ус ихтэй байгаа энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, авто болон төмөр замын ургац тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
 
7. Буудай хадгалах агуулах, элеваторуудын хатаалгын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
 
8. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусган ургац хүлээн авахад бэлэн болгох,
 
9. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, мэдээллийг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
 
10. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах,
 
11. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, иргэдийг чанар сайтай шинэ ургацын ногоогоор хангах  зорилгоор  нийслэл хот, төв суурин газруудад ажиллаж буй борлуулалтын цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулан ажиллах,  
 
12. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах,
 
13. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах,  
 
14. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хураалтын ажил 9 дүгээр сарын 15 хүрч жигдрэхээр байгаа тул ургацыг мал амьтнаас хамгаалах  ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах,
 
15. Ургацын комиссын гишүүд нь өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг улсын ургацын төв штабтай байнгын холбоотой ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцох, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах нөхцөлийг бүрдүүлэх,
 
16. Ургацын комиссын гишүүд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тариаланчид, олон нийтэд тогтмол хүргэх, энэхүү албан даалгаварын биелэлтийг 11 дүгээр сарын 25-ны дотор Улсын ургацын комисст ирүүлэхийг даалгаж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, УЛСЫН УРГАЦЫН КОМИССЫН ДАРГА                                              З.МЭНДСАЙХАН

Орчуулах »
error: Content is protected !!