Ерөнхий сайдын зөвлөхөөс авлигал авсан байцаагчдаа хэрхэх гэж байна, А.Ариунзаяа сайдаа!!!

-САЛБАРТАА САЛАМ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЧИХЭЖ ЧАДАХ УУ, САЙД ТА-

Татан буугдсан компанид хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум гаруй төгрөгийг шилжүүлсэн байх баримтыг нь дэлгэсэн нийтлэлийн дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны удирдлагууд шилэн дансанд мэдээлэл оруулдаг ажилтнаа буруутган, ажлаас халах хүртэл арга хэмжээ авсан гэнэ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөл хөтөлбөрүүд, тендэрт хамрагдаж, чамгүй хөрөнгөтэй ажил авсан байсан 2129841 регистрийн дугаартай “Нутгийн буян” ХХК, 5467446 регистрийн дугаартай “Нутгийн буян групп” компаниудын мэдээллийг тус яамны ажилтан яахаараа ч хольж сольж бичсэн байдаг юм.

Тэр тусмаа бүхэл бүтэн 12 жилийн өмнө шахам буюу 2010 онд татан буугдсан “Нутгийн буян” ХХК-ийг нэр, регистртэй нь олж ирээд андуурна гэдэг бас л супер андуурал шүү.

Ийм тайлбарыг өгч, шилэн данс руу шивдэг ажилтнаа халчихлаа хэмээн суугаа тус яамны Төрийн нарийн бичгийн дарга олон нийтийг, хэвлэл мэдээллийн байгууллагатай юутай нь дэндүү басамжлан тохуурхаж байгаа хэрэг.

Улсын мөнгө уйлдаггүй гэдгийг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам хорсож, хяхтал батлан харуулж байгааг бид өөр олон баримт, фактаар нотлон харуулах болно.

Хоёр өөр регистртэй байгууллагыг андуурчихаж гээд, тэр дундаа татан буугдсан компанийн данс руу хөтөлбөрийн хөрөнгө шилжүүлж суудаг санхүүгийн алба, үүнийг нь төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон салбар хариуцсан сайд А.Ариунзаяа нар мэдээгүй гэж мэлзэх нь увайгүй.

Муу дээр муу, муухай дээрээ улцан гэгчээр дээрээ эмх замбараагүй, идэж уусандаа холилдон жонхуурсан удирдлагатайн үрээр дороо ч авлигал хээл хахуульд идэгдэн сүйрч байна, энэ яам.

Нийгмийн даатгалын газрын байцаагчид нь авлига авч, иргэдийг олон зуугаар хохироож байгаа явдлыг бид өмнөх дугаартаа нийтэлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болоод байгаа Засгийн газрын мэдээ сонины эрхлэгч, сахал хочит Д.Эрдэнэбилэгийн хуруу хумсны үзүүр гэгддэг Э.Долгион Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарыг авлигадаж, хуурамч бүртгэл хийлгэн, компанийнхаа өр ширийг төлөлгүй залилан мэхэлж олон хүний амьдралыг хохироосон үйлдэл Авлигатай тэмцэх газрын хамар дор өрнөж байна. Эл гэмт үйлдэлд Э.Долгионы хуульч гэх эмэгтэй хүртэл оролцсон байгаа нь дэндүү гутамшигтай.

Үүнээс гадна А.Ариунзаяа сайд салбар нь цахимжиж, бүх зүйл ил тод болсон гэж сайрхах ч үнэндээ “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэгдэл” нэрт төслийн мөнгө тэр чигтээ мэдээлэл технологи, компьютер, ширээ сандлын компаниуд руу урссаар байх нь ойлгомжгүй. Үүнийгээ мөнөөх Төрийн нарийн нь мөн л хамгаалан хаацайлж, эртнээсээ л энэ төсөл ийм байдлаар зарцуулагдаж ирсэн гэх жишээний тайлбартай сууна.

Товчхондоо “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн” гэх чухал нэртэй төслийн зориулалт, зарцуулалт өмнөх сайдуудын үед ч зорилгоосоо хазайн урссаар ирсэн гэдгийг эрхэм Төрийн нарийн бичгийн дарга хэлж байгаа юм. Үүнтэй нь энэ цаг үеийн сайд нь ч эвлэрчихсэн…

Ийм байж болох уу, эрхэм А.Ариунзаяа сайдаа!!! Өнөөдөр өөрийг тань өмөөрөх гээд өмнөх сайдуудыг буруутан, булхайтнаар дуудаж яваа төрийн нарийн маргааш таныг буцсаны дараа яг л энэ үйлдлээ гаргаж таарна.

Намын генсэктэй нутаг нуга, “үерхэж” нөхөрлөсөн гэх гавьяагаар салбар хариуцсан сайдаар томилогдсон А.Ариунзаяа та ажлаа авсан даруйдаа Нийгмийн хамгааллын бодлогын газраа Халамжийн бодлого, Нийгмийн даатгалын бодлого болгон хувааж, Хүн амын бодлогын газарт байсан Гэр бүлийн асуудал хариуцсан хэлтсээ газар болгон томруулсан.

Харамсалтай нь, төрийн нарийн бичгийн даргадаа тархиа “атгуулчихсан”, түүний багтдаг бүлэглэл фракцийн өөдөөс сөрж босч чадахгүй жул яваагийн тань уршиг, Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн харилцаа гэсэн хоёр газраа нэгтгэж нийлүүлэн хөдөлмөрийн чиглэлээр ажиллаж байгаагүй нягтлан бодогч мэргэжилтэй Б.Батцэцэг гээчид хариуцуулсан балаг гээд олон бөөрөнхий шийдвэртээ өөрөө ороогдсоор дуусах нь ТА.

Өмнө ажиллаж байсан Үндэсний статистикийн хороогоо нүүлгэж авчран судалгаа мэдээлэлтэй сүрхий ажиллах нь гэх хүлээлтийг нийгэмд үүсгэж байсан ч Сү.Батболдын хадам дүү Б.Ундрал, С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн экс бэр А.Халиунаа  нарыг ч хөдөлгөж дөнгөөгүй жижиг улстөрч гэдгээ хангалттай таниуллаа.

Энэ Засаг солигдвол төрсөн өдрийн мэндчилгээн дээр төрийн тамга дарснаас өөр онцгойлон тэмдэглэх тэмдэглэлгүй, санан дурсагдах ажилгүй суусаар А.Ариунзаяа та огцрох нь.

Тиймээс ядаж л Ерөнхий сайдын зөвлөх Э.Долгионоос авлигал авсан нийгмийн даатгалын байцаагчдаа, Төсөл хөтөлбөрүүдийн захиран зарцуулалт дээр тойм тодорхойгүй чих халууцуулж явдаг, шилэн дансаа ч холион бантангүй хяначихаж чаддаггүй Төрийн нарийныгаа холбогдох газруудад шалгуулж, хариуцсан салбараа дээр доргүй дорвитойхон цэвэрлээд буучихвал нэртэй төртэй, даацтайхан үйл болох юм даа.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!