Нийслэлд 8 сургууль, 2 цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байр ашиглалтад оржээ

2021-09-07
1 min read

Бүтээн байгуулалтын тухайд, нийслэл хотод энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 57 цэцэрлэг, 32 сургууль, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, насан туршийн боловсролын 1 төв, дотуур байрны 1 барилга, нийтдээ 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн 69 сургууль, цэцэрлэгт урсгал болон их засвар хийхээр төлөвлөсөн байна. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт 8 сургууль, бага сургууль, цэцэрлэгийн 2 цогцолбор, 16 цэцэрлэг, 1 дотуур байрыг ашиглалтад оруулжээ.

Мөн 20 сургууль, цэцэрлэгийн засвар 81 хувьтай үргэлжилж байгаа аж. Цар тахлын улмаас хилээр нэвтрүүлэх ачаа, барааны таталт удааширсан, барилгын материалын үнэ огцом өссөн, олдоц муу зэргээс үүдэн бүтээн байгуулалт, засварын ажил удааширч, тендер шалгаруулалтууд удаа дараа амжилтгүй болж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлсэн байна.

Мөн тэрбээр хичээлийн хоцрогдлыг арилгах хүрээнд БШУ-ы сайдын баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”-г бүх сургуульд хэрэгжүүлж, багш нарыг тухайн чиглэлээр сургалтад хамруулжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өчигдөр НИТХ дээр танилцуулга, мэдээлэл өгөхдөө  “Боловсролын салбар онцлог ихтэй, чухал үүрэгтэй салбар. Тиймээс хүүхдүүдийн орчныг сайжруулж, хичээлийн хоцрогдлыг арилгах чиглэлээр Нийслэлийн ЗДТГ, холбогдох бүх байгууллага дэмжиж ажиллах шаардлагатай байна. Нийслэлийн Боловсролын газраас засвар, бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг хэлж байна. Уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй.

Мөн цаг үеийн нөхцөл, байдлын мэдээ, мэдээллийг тухай бүрд иргэдэд нээлттэй өгч байх хэрэгтэй. Цар тахлын үед бүх хүн нэгдсэн бодит мэдээлэлтэй байж хариу арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж чадна. Тиймээс Тэргүүлэгчид, төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллаарай” гэсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн тухай болон “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг дэмжих,  Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, өмчийн бүртгэлээс барилга хасах, Тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!