Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.09.6/ шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар “Сүүлийн жилүүдэд шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн эрхэнд байсан эрхээс татгалзаж байна. Тодруулбал, Шүүхийн томилгоо, шүүгчдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хоёр чухал зүйл бий болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм. Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргыг Ерөнхийлөгч мөн томилохгүй. Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлж байсан шударга ёсны шүүхийн шинэтгэлийн ажлууд цаашдаа хэвийн үргэлжлэх болно” гэлээ.