“Би өвдөөд эдгэрчихсэн” гэх бэртэгчин сэтгэлээр битгий хандаач

2021-09-06
3 мин уншина

Ковид19 халдварын үеийг эрүүл мэндийн болоод эдийг засгийн хохирол багатай давж гарахын тулд хүн нэг бүрийн хариуцлага чухал. Өөрөөр хэлбэл, дахиж “хөлөө хориулж”, “хөрөнгөө тушуулж”, хайртай хэн нэгнээ уг өвчний улмаас эрсдэлд оруулахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нэн шаардлагатай байна. Гэвч амны хаалт зүүж, ариун цэврийн дэглэм мөрдөх хүн нүдний гэм болжээ. Ялангуяа худалдаа эрхлэгчид болон үйлчилгээний байгууллагын албан хаагчид халдвараас өөрийгөө болоод үйлчлүүлэгчээ хамгаалахгүй, хариуцлагагүй хандаж байгаа нь хаа, хаанаа эрсдэл дагуулж байна. Энэ талаар сурвалжилхаар зах, худалдааны төвүүдийг зорилоо.

“Өвдөөд эдгэсэн хүмүүс маск зүүхгүй байна”

Иргэдийн хүнс, ахуйн хэрэгцээг базаадаг “Баянзүрх” захад түм түжигнэж, бус бужигнаж байлаа. Тэрэг түрж, тортой хүнс барьсан хүмүүс энд тэндгүй холхих бөгөөд хаа сайгүй халамцаж, хөлчүүрэхсэн эрчүүд үзэгдэнэ. Түүнчлэн бага насны хүүхдэд амны хаалт зүүлгэхгүйгээр дагуулж яваа хүн ч олон байв. Мөн ачааны машин дээр айраг, тарвас зарж байх бөгөөд амталгаа явуулж, худалдаа хийнэ. Зах дотор ч дээрх үзэгдэл дээрдсэнгүй. Худалдаа эрхлэгчид маскаа эрүүндээ “углаж”, лангууныхаа ард хооллох бөгөөд тэдэнд хамгаалалтын хувцас, хэрэглэлийн аль нь ч байсангүй. Түүнчлэн гар ариутгагч, халуун хэмжигч бүхий лангуу нүдний гэм.

Ийнхүү товчхондоо, тэр хавьд ковидын өмнөх “цаг хугацаа эргэн иржээ”.  

Худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчид амны хаалт хэрэглэхгүй байгаа талаарх иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн н.Энхсайхан “Халдварын тохиолдол улам нэмэгдэж байгаа ч хүмүүс бараг тоохоо больжээ. Миний бодлоор ихэнх хүн өвдөөд эдгэрчихсэн байх. Ялангуяа худалдаа эрхлэгчид бараг л толгой дараалан өвдсөн болов уу. Тиймээс л айдгаа авдрандаа хийчихсэн гэж бодож байгаа хэрэг. Та хар л даа. Энд амны хаалтаа зөв зүүсэн хүн бараг ганц ч алга. Хүүхдүүдээ хүртэл хээв нэг дагуулж яваа хүн олон байна. Тэгэхээр хүүхэд, хөгшидгүй өвдөөд эдгэрчихсэн учир дахиад өвдөхгүй гэсэн итгэлтэй байгаа байх. Дельта хувилбар нь тусаад эдгэрсэн хүнд ч халдварлах эрсдэлтэй гэдгийг сайн мэдээлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна” гэлээ.

Харин худалдаа эрхлэгчид “Бид вакцинаа хийлгэчихсэн. Тиймээс дархлаа тогтсон гэж найдаж байгаа. Тогтоогүй байсан ч ажлаа хийж, амьдралаа залгуулахаас өөр арга алга. Хүмүүс хөл хорионы улмаас багагүй хохирол амссан. Тиймээс одоо халдвар яриад, гар хумиад суух боломж үнэхээр алга. Халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаа хүн олон бий нь үнэн. Энэ тал дээр хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байх” гэлээ.

Тус худалдааны төвөөс гараад манай сурвалжлах баг “Sunday” –ыг зорилоо. Хамгийн сүүлд уг захаар үйлчлүүлэхэд хүн нэг бүрийн халууныг хэмжиж, ариутгагч бүхий тусгай хаалгаар орохыг шаардлаж, хүн нэг бүрийг бүртгэж байсан. Түүнчлэн худалдагчид хамгаалалтын хувцас, хэрэгслээр тоноглосон байсан бөгөөд халуунтай хүмүүсийг гэр рүү нь буцааж байлаа. Гэтэл уг байдал ор мөргүй алга болжээ. Орж, гарч буй хүмүүс ариутгал хийх зориулалттай мананцартай хаалганы хоёр талаар холхих бөгөөд гар ариутгаж, халуун хэмжих зориулалт бүхий цагаан төхөөрөмж ч ажилласангүй.

Амралтын өдөр тул тус худалдааны төв мөн ч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Худалдан авагчид амны хаалт зүүсэн байх бөгөөд мэр сэр бээлий, ариутгагч зэргээр бэхэлсэн хүн үзэгдэнэ. Харин худалдаа эрхлэгчид амны хаалтаа эрүүндээ зүүж, хүмүүст ажигч үгүй үйлчилнэ. Лангууныхаа ард хооллох үзэгдэл энд ч мөн л өрнөсөөр.

Сүхбаатар дүүргийн иргэд Г.Сугармаа “Гурван хүн тутмын хоёр нь халдвар аваад эдгэсэн байх. Ихэнх нь шинжилгээ өгөлгүйгээр гэртээ эмчлүүлсэн болов уу. Миний хувьд аль эрт өвдөөд эдгэрсэн. Эгч халдвар авсан нь тогтоогдоод удаагүй байтал надад шинж тэмдэг илэрсэн. Ковид19 гэдэг нь ойлгомжтой байсан болохоор шинжилгээ өгч, бүртгэл хийлгээгүй. Яг над шиг өөрөө өөрийгөө эмчилсэн хүн олон бий. Тиймээс ЭМЯ-наас мэдээлээд буй өвдөөд эдгэрсэн хүний тоо үнэхээр өвдсөн хүнийхээс хамаагүй бага байгаа байх. Ингээд бодохоор одоо өвдөөгүй хүн бараг л үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс л хүмүүс ийм назгай, айдасгүй болчихсон хэрэг. Өвдчихвий гэх айдас байхгүй л болчихсон байна л даа” гэлээ.

Манай улсад Ковид19-ийн Дельта хувилбар бүртгэгдсэн бөгөөд нийт шинжилгээний 30 орчим хувийг эзэлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Уг хувилбар нь халдвар тараах магадлал өндөр бөгөөд эсийн дотор орж, эмгэгшүүлж гэмтээдэг байна. Түүнчлэн өвдөөд эдгэрсэн хүн ч дахин тусах магадлалтай. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүс мутацид орсон хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэйг олон улсын судалгаа харуулж байгаа” гэжээ.

Тиймээс “би өвдөөд эдгэчихсэн” гэх бэртэгчин сэтгэлээр хандах бус халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эрүүл байхын төлөө хичээцгээе.

Эх сурвалж: Eagle.mn

Орчуулах »