СЗХ-оос мэдэгдэл хүргүүллээ

2021-09-02
1 min read

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-д заасны дагуу СЗХ-ны зохицуулалттай бүх мэдээлэх үүрэгтэй этгээдүүдээс эрсдэлийн үнэлгээний асуулгыг авдаг. Дээрх асуулгыг өнгөрсөн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор холбогдох цахим хаягаар ирүүлэх тухай мэдэгдсэн. Мөн хугацааг дахин сунгаж 8 дугаар сарын 02-ны өдөр ирүүлэх тухай анхааруулсан

Энэхүү мэдэгдэл, анхааруулгын хүрээнд үнэлгээний хуудсыг заасан хугацаанд ирүүлээгүй мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд холбогдох хуулиудад заасны дагуу Хорооноос албан шаардлага хүргүүлэх, захиргааны шийтгэл ногдуулах, эрх бүхий албан тушаалтныг өөрчлөхийг үүрэг болгох цаашлаад тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг анхааруулсан. Үүний дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг удаа дараа ирүүлээгүй, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг хангаагүй нэр бүхий 140 банк бус санхүүгийн байгууллага, 89 хадгаламж, зээлийн хоршоо, 11 үнэт цаасны компани, 95 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 14 үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд 8 дугаар сарын 25-нд мэдэгдэл хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Цаашилбал улсын байцаагчийн албан шаардлага авч, үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлээгүй нэр бүхий дөрвөн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

Хагас жил тутам авдаг энэхүү асуулга нь эрсдэлийг үнэлэх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэх, салбарын ерөнхий түвшин болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цар хүрээг тогтооход чухал ач холбогдолтой. Иймээс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, мөрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг Хорооноос тогтмол гүйцэтгэх тул мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн заасан хугацаанд асуулгыг үнэн зөв, бүрэн гүйцэд ирүүлж хэвшихэд анхаарна уу. Мөн үнэлгээний хуудас бөглөж ирүүлээгүй мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хууль тогтоомжид заасны дагуу зохих арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдэж байна.

Орчуулах »
error: Content is protected !!