Афганистаны асар их баялаг – Орос, Энэтхэг, Хятадын ашиг сонирхол

2021-09-02
5 мин уншина

Америкийн талыг баримтлагч Афганистаны засгийн газар Талибаны сулхан цохилтод өртөн хэдхэн өдрийн дотор унасан нь дэлхий дахинд өрнөж буй бусад хэрэг явдлын сүрийг  дарсан үйл явдал байлаа.  Үүнд гайхах хэрэггүй, учир нь, энэ бол АНУ-ын хувьд Вьетнамын дайнаас хойш цэрэг, гадаад бодлогын салбарт тулгарсан хамгийн том бүтэлгүйтэл байлаа.

Дэлхийд жанжлагч гүрний энэ бүтэлгүйтэл маш том дуулиан тарьсан. Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель хэлэхдээ “Орос, Хятад хоёр Афганистаныг хяналтандаа авч, түүнийг ивээн тэтгэгч болно гэдгийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн нь үүний тод жишээ юм.     

Барууныхан нийтээрээ түгшиж байгаа нь ойлгомжтой, учир нь Афганистаны эргэн тойронд бусад сонирхогч тоглогчид аль хэдийнэ эгнээд зогсчихжээ. Эд  бол зөвхөн Москва, Бээжин хоёр биш ээ. Энэ тухайд Оросын РИА Новости агентлагийн тоймч, эрчим хүчний салбарын шинжээч Сергей Савчук сонирхолтой ажиглалт дүгнэлт хийснийг толилуулъя.

Афганистан бол ашигт малтмалаар асар баян орон бөгөөд энд газрын тос, хий, нүүрс, зэс, төмөр, үнэт ба хагас үнэт чулууний 1500 орчим орд бий. Байнгын дайн байлдаан нь хайгуул хийж, нөөцийг нарийвчлан тогтоох явцыг асар ихээр хүндрүүлж байна. Гэвч Их Британи, ЗХУ, АНУ-ын геологичдийн тогтоож чадсан тэр нөөцөөр баримжаалан тооцож үзвээс: хэрвээ дайны эрчлүүр дугуйг зогсоож, энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал гэхээр зүйлийг бий болгож чадсан тэрхүү төр засаг зүгээр л мөнгөн дотор умбахаар харагдаж байна.  

Эдийн засгийн онолоор бол, орчин үеийн ертөнцөд аливаа төрт улс хөгжих гол суурь дэвсгэр нь эрчим хүч мөн. Хэрвээр талибууд улс төрийн ухаалаг бодлого явуулах аваас Афганистаныг Дундад зууны байдлаас татан гаргаж чадсан шинэчлэгчид хэмээн түүхэнд бичигдэх бүхий л боломж бий.

Афганистанд стратегийн нөөц гэхээр ямар баялаг байдгийг товчхон сонирхоё.

Юуны түрүүнд, энэ улсад Гажигак-ийн гэгдэх төмрийн хүдрийн асар том орд бий. Ордын гол онцлог гэвэл, төмрийн хүдэр нь газрын гадаргууд маш ойрхон байдаг учраас экскаватороор ухах боломжтой. 32 км урт газрыг эзлэн орших тус ордын нөөц нь 2 тэрбум тонн бөгөөд төмрийн агууламж нь 62 хувь. Геологчдийн баталснаар, ордын нөөц дээрхээс 2 дахин их байж ч магадгүй юм. Үүний зэрэгцээ хөрш орших Шабашак, Дар-и-Суф гэсэн хоёр районд коксжих нүүрсний ордууд байдаг нь төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжүүлэхэд тохирсон төгс нөхцлийг байгаль эх бий болгожээ гэмээр. 

Төмөр, нүүрсний ордууд нэг дор байгаа нь Энэтхэгийн анхаарлыг татахаас аргагүй юм. Учир нь, тус улс дэлхийн гангийн зах зээлд давамгайлахад чиглэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулж баталсан бөгөөд дэлхийн хамгийн том домен зуух болохоор нухацтай шийджээ. Бүр 2016 онд Энэтхэг, Иран, Афганистан улсууд гурван талт хэлэлцээр байгуулсны дагуу Энэтхэгийн тал Ираны Чахбехар боомтыг шинэчлэхэд оролцож, харин иранчууд баруун хойд хилээсээ Афганистаны Герат муж хүртэл төмөр зам барихаар тохиролцсон байна. Афганистаны төмрийн хүдэр, нүүрс хоёр Энэтхэгт маш их хэрэгтэй гэдэг нь энэтхэгчүүд Чахбехар хүртэлх төмөр замд 10 тэрбум долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаа гэдгээс харагдана. Гэвч Афганистанд байдал хурцадсанаас үүдэн төсөл зогсжээ.

Амударья мөрний дагуу оршдог, Узбекистан, Тажикистантай залгаа хил орчмын хойд нутгийн Балх мужид нүүрстустөрөгчийн асар их нөөц илэрчээ. Тухайн нутагт Америкийн армийн хамгаалалтын дор хайгуул явуулсан АНУ-ын Геологийн алба тус сав газар дахь таамаг нөөцийг 1,8 тэрбум баррель нефть, 440 тэрбум шоо метр хий, 500 мянга гаруй баррель хийн конденсат гэж тодорхойлсон байна. Өдөрт ердөө 5 мянгахан баррель газрын тос хэрэглэдэг Афганистаны хувьд энэ бол үлгэрийн мэт их баялаг бөгөөд эрчим хүчээр дутагдах асуудлыг дараагийн хэдэн арван жилийн туршид шийдэж чадна.  

Харин Вашингтоныг харамсахад хүргэж буй зүйл бол, нефть-хийн ордод Хятад улс аль хэдийнэ нүд унагажээ. 2011 онд Кабулын эрх баригчид ба Хятадын төрийн өмчийн China National Petroleum Corporation компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу Хятадын компани 3 ордод олборлолт хийх эрхийг концессийн гэрээгээр авсан ба үүнийхээ хариуд нефть боловсруулах 3 үйлдвэрийг 3 жилийн хугацаанд барьж өгчээ. Хятадын тал Кабулд онцгой ашигтай нөхцлийг санал болгож, нефть, хийн олборлолт, борлуулалтаас олсон ашгийн 70 хувийг Афганистаны улсын төсөвт тушаахаар болжээ. Гэхдээ хятадууд өөртөө ашиггүй зүйлийг санал болгож, алс хэтийн том төлөвлөгөөгүй байсан гэвэл гэнэн дүгнэлт болно.  

Хятадын сонирхлыг хамгийн ихээр татаж буй зүйл бол лити. 10 жилийн өмнө АНУ-ын Геологийн албанаас нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, Афганистаны хөрсөн дор 3 их наяд долларын үнэлэгдэх литийн нөөц хадгалагдаж байгаа ажээ.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Афганистан дахь литийн нөөцийн талаарх мэдээллийг бодитой баримт мэтээр авч үздэг. Гэтэл тийм биш ээ. Америкийн цэргийн геологчид 2 жилийн дотор гадаргуу дээр өнгөцхөн хайгуул хийх явцдаа уул-геологийн нөхцлөөр баримжаалан лити байж болох сав газруудыг тодорхойлжээ. Харин яг биетээр нь лити гэдэг металлыг америкчуудыг олоогүй, олборлоогүй болой. 

Хэдий тийм боловч геологи хайгуулын салбарт алх барьж алхдаг тэр үе аль хэдийнэ ард хоцорчээ. Орчин үеийн загварчлал нь газрын ховор металл байгаа эсэхийг асар өндөр нарийвчлалтайгаар таамаглан тогтоож чаддаг болсон байна. Цахилгаан автомашин ба аккумуляторын гол үйлдвэрлэгч болох Хятадын хувьд энэ бүхэн бүрэн хангалттай. Талибууд нийслэл Кабулыг эзлэн авснаас хойш 2-хон цагийн дараа БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэл хийхдээ “Афганистантай нөхөрсөг хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн найдаж байгаагаа” илэрхийлслэн билээ. Кабул дахь Хятадын ЭСЯ-ны барилгад ямар нэгэн хохирол учраагүй ба түүнийг шинэ засгийн зэвсэглэсэн хүмүүс хамгаалж байна.

Энэ асуудлаар Америкийн хэвлэлүүдэд жинхэнэ ёсоор хийрхэл өрнөж байна. Жишээ нь, СNBC агентлагийн мэдээлэлд дурдахдаа “лити төдийгүй Афганистаны хөрсөн дорх цери, неодим, лантан, цайр, мөнгөн ус зэрэг металлууд Америкийн гол өрсөлдөгчийн гарт орлоо” гэжээ. Хэрвээ Хятад улс бүс нутагт бэхжих аваас газрын ховор металлын олборлолт, боловсруулалтаар монополь болох аж.

Харин Оросын тухайд? Бүс нутаг дахь нөлөөгөө хадгалахын тулд санал болгочихоор зүйл бидэнд алга гэж үү? Мэдээж бий.

Юуны түрүүнд, хамтран ажиллах гэсэн хүсэлтэй бүхэнд Москвагийн зүгээс санал болгодог “гарын хоол” бол хий дамжуулах магистраль хоолой. 2010 онд Туркменистан — Афганистан — Пакистан — Энэтхэг гэсэн чиглэлд 1,7 мянган км-ийн урттай, 33 тэрбум шоо метрийн хүчин чадалтай хий дамжуулах хоолой барих тухай дөрвөн талт хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Барилгын ажлын өртөг нь 10 тэрбум доллароор хэмжигдэж, труба нийлүүлэх тэндерт Челябинск дахь трубаны үйлдвэр шалгарч байв. Дараагийн 9 жилд нь талууд байнга уулзалдаж, илүү нарийн тодорхой хэлэлцээрүүд байгуулсан боловч хийн хоолой барих ажил эхэлсэнгүй. Шалтгаан нь ойлгомжтой: байнгын тогтворгүй байдал, байлдааны ажиллагаа, алслагдсан мужуудаа хянаж чадахгүйд хүрсэн засгийн газар.

Хэрвээ Афганистанд байдал тогтворжих аваас Орос улс труба нийлүүлэгч гол түнш болох төдийгүй түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ энэ бол гол зүйл биш.

Афганистан улс эрчим хүчний аймшигтай хомсдолд орсон гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. 38 сая хүн амтай тус улсад 3,1 ГВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий 8 цахилгаан станц ажилладаг бол ойролцоо хүн амтай Украинд уг үзүүлэлт 55 ГВт байх жишээтэй. Азербайжан-Ираны хооронд эрчим хүчний гүүр барих төсөл нэг бус 10 жилийн туршид Москвагийн хавтсан дотор хадгалагдсаар байгаа бөгөөд Карабахын статусын асуудал шийдэгдсэн тохиолдолд уг төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Хэрвээ Афганистаны тал эрчим хүчний гүүрийг сонирхох аваас дорно зүг рүү сунгаж болохоор. Эрчим хүчний шугам барих нь төмөр замтай харьцуулахад хамаагүй хялбар билээ.

Өчнөөн их бэрхшээл байгаа боловч Афганистанд ямартаа ч Дарунта, Пул-и-Хумири гэсэн 2 усан цахилгаан станц ажилладаг. Харин Орос улс өөрийн УЦС-уудыг шинэчлэхээс гадна бага, дунд хүчин чадалтай станцууд барих, тэр дундаа өндөр уулын хүнд нөхцөлд барих тал дээр баялаг туршлага хуримтлуулсан билээ.  

Бүс нутагт өрнөж буй үйл явдал цаашид хэрхэх вэ гэдэг нь тун ойрын үед тодорхой болно, гэхдээ одоогийн чиг хандлагыг ажвал, дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн оролцоо орвонгоороо өөрчлөгдөх нь.

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!